МЭНДЧИЛГЭЭ
Аймгийн Засаг дарга бөгөөд Эрдэнэт хотын захирагч С.Дангаасүрэн
Орхон аймаг, Эрдэнэт хотынхоо нийт иргэд, наадамчин олон та бүхэндээ Үндэсний их баяр наадам, Монголын Тулгар төрийн 2224 жил, Их Монгол улсын 809 жил, Ардын хувьсгалын 94 жилийн ой, Орхон аймгийн баяр наадмын халуун мэндийг өргөн дэвшүүлье.
Монгол наадам нь Монгол Улсын бүрэн эрхт байдал, манай ард түмний их түүх, нүүдэлчдийн соёл, ёс заншлын тод илэрхийлэл бөгөөд түмэн олны өргөн их баяр цэнгэл билээ.
Монгол хүн бүрийн билэг, ерөөл бүрдсэн, зуны сайхан энэ өдрүүдэд Орхон аймгийн баяр наадам тохиож байна.
Түүхэн их бүтээн байгуулалт, түмэн олноороо гоёсон энэ наадам ёс журамтай, өргөн дэлгэр, шинэ амжилт, шинэчлэл өөрчлөлт, бахархал, дурсамжаар дүүрэн байна гэдэгт итгэлтэй байна.
2015 он Монголчууд тэр дундаа Эрдэнэтчүүд та бидний хувьд олон түүхт үйл явдал, амжилт бүтээлээр арвин байна.
Аугаа эх орны дайны болон чөлөөлөх дайны ялалтын 70 жилийн ой, 20 дугаар зууны манлай бүтээн байгуулалт Эрдэнэт үйлдвэрийн өргөтгөл ашиглалтанд орсон, Орхон аймаг, Эрдэнэт хотын хэмжээнд өрнөж байгаа их бүтээн байгуулалтын ажлууд гээд та бидэнд бахархах зүйл олон байна.
Эрдэнэтчүүд бид Эрдэнэт хотынхоо байгуулагдсан цагаас хойш хийж бүтээснээрээ, ололт амжилтаараа, бүтээл туурвилаараа бахархан баяр наадмаа тэмдэглэж, ирээдүйд хийж амжуулах ажлаа ярилцаж, орон нутгийнхаа хөгжил дэвшлийн төлөө хамтран ажиллах болно.
Орхон аймаг, Эрдэнэт хотынхоо иргэд, эрхэм хүндэт зочид, төлөөлөгчид, наадамчин олон та бүхэндээ Үндэсний их баяр, Монгол наадмын мэндийг дахин хүргэж, эр бяр, хурд шандас, цэц мэргэний гайхамшгийг харуулж, баяр цэнгэлээр дүүрэн, цог хийморьтой, элбэг тэнүүн наадахын өлзийтэй ерөөлийг өргөн дэвшүүлье.
Орхон аймаг, Эрдэнэт хот цэцэглэн хөгжих болтугай.