Номин ногоон өнгөтэй эрдэнийн чулуу 1970-аад оны үеийн Эрдэнэтийн зарим нэг айлуудын авдарын мухарт байсан гэдгийг, одоо ч бий хэмээн мөрийцөхөд ч алдахгүй. Энэ юун чулуу юм бол гэж хүүхэд байхад бодоод өнгөрнө үү гэхээс сонирхдог залуус ховор байсан. Харин яг өнөө цаг үед тэртээ 50 жилийн өмнө Эрдэнэт хэмээх газрын дорх баялгийнхаа нэрээр нэршсэн, Монгол улсын 21 дүгээр зууны түүхэнд гайхалтай хурдтайгаар хөгжиж боссон энэ том хотын түүх эхэлж байсныг, бүтээсэн эгэл хүмүүс болох эзэд нь дурсан ярьж сууна.
Эрдэнэтийнхэн энэ цаг үед хотынхоо 50 жилийн ойг тэмдэглэхээр ихээхэн нүргээнт ажил эхлүүлээ юү гэлтэй, гудамж талбайгаар зорчиход хүндрэлтэй, хамаг л зам харгуйгаа хуулж хаяад шинэчилж байна. Айхавтар их хөрөнгө зарцуулж буй ч хотынхоо өнгө зүсийг засаад авъя, хүүхэд шуухдууд орон байр сууцныхаа гадаа тоглож, дэрвэхэд нь тохьтой тухтай болгочихъё, тэнд ч нэг зам талбайг өөд нь татчихъя гэсэн бодол байх нь аргагүй. Тиймдээ ч, гудамжаар зөрөх хоёр хүүгийн “Манай хотыг 50 жилийн өмнө байгуулахад, яг өнөөдрийнх шиг ийм их ажил хийж, гишгэж явах газаргүй болтол зам тавьж, барилга барьж байсан байх даа” гэсэн хөөрхөн яриа чих дэлсээд өнгөрсөн санагдлаа.
“Бид ойгоо угтаж хотын төв хэсэгтээ 11 газрын автозамыг сайжруулж, 13 байршилд 400 орчим гэрэлтүүлэг шинээр суурилуулсан, газар дорх инженерийн шугам сүлжээгээ хүртэл тордож, бүрэн шинэчлэл хийж байгаа анхны аймаг боллоо” гэж аймаг, орон нутгийн удирдлагууд ярьж байна.
Монгол түмний хэмжээнд тод өнгө болон хөгжсөн залуухан хот Эрдэнэт өнөөдөр 50 настай ид хийж бүтээсэнээ хойч үедээ хуучлан, алдаа оноо, ууч түүхээ хүүрнэх аятай чимээ шуугиантай ид тачигнаж буй. Замын хүн саатахдаа дахин ирэхийн ерөөлтэй тайван, дулаахан энэ хотыг бүтээсэн хүмүүсийн сэтгэлд хагас зуун жилийн дараах сэтгэл амсхийлт, түр тайтгарал 50 жилийн дараа төрсөн гэлтэй. Эрдэнэтчүүд зэс, оюу агуулсан Эрдэнэт уулынхаа ач буянаар үр хойчисдоо сайхан хот бүтээсэн, гэхдээ дан ганц нүдэнд харагдаж, гарт баригдах байр сууц, зам, дэд бүтцийг хотын хөгжил гэж харахгүйг ойлгож, оюун санааны шинэчлэлийн том хөгжил, дэвшлийг улсынхаа түүхэнд зурсан юм.
Бид 50 жилийн дотор оюуны хөгжил, хүний төлөвшлийн хувьд шинэчлэгдсэн үү, одоогийн залуусын хэллэгээр UPDATE хийгдсэн үү. Эрдэнэт уулынхаа хөгжлийн нөлөөгөөр хэдэн зуун инженер төрүүлж, оюунлаг хөгжлийн суурийг тавилцсан гэхэд хэн ч маргахгүй.
Дэлхийн хотуудын хөгжлийн үүх түүхтэй жишихэд, Эрдэнэт өсөж яваа идэр залуу хот. Хотоо өнөөдрөөс цааш дахин дахин хөгжүүлэхэд, оюунаар түүчлэгч сэтгэл итгэл, цог жавхаа өндөр байнгын өсөн хөгжиж байх хүмүүсийн сэтгэлгээний шинэчлэл тун их нөлөөтэй гэж үзэж байна. Бид цааш хоттойгоо хамт сэтгэлгээний хувд шинэчлэгдсээр байхын дараагийн эхлэл ирлээ.
Хотын дэвшил гэдэг иргэдийнх нь шинэчлэгдэн хувьсах оюуны хөгжлийн төлөвшил гэдгийг бид дэлхийн түүхээс улбаалж буй.
Нийтлэлийн эхэнд Эрдэнэтийн айлуудын авдарын мухарт үеэс үед хадгалагдан ирсэн номин ногоон чулуу Эрдэнэт Үйлдвэр, Эрдэнэт хотын 50 жил хөгжсөн гол учир утга, хөгжлийн “түлхүүр” болж иржээ гэдгийг хэлэхийг хүсч байна.
М.МӨНХЦЭЦЭГ
C°/C°
3527.07
3736.58
506.33
46.46
2.67
















Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ErdenetNews.mn хариуцлага хүлээхгүй.