Д.БАТЛУТ: Хаана сурах нь гол биш, хэрхэн сурах нь чухал юм шүү
2018-2019 оны хичээлийн жилийн нээлт өнөөдөр боллоо. Аймгийн Засаг дарга Д.Батлут Баян-Өндөр сумын Баянцагаан багийн 24 дүгээр цэцэрлэг болон 18 дугаар сургуулийн нээлтэд оролцож багш, сурагчдад баяр хүргэлээ. Тэрбээр энэ үеэр “Бид аймгийн хэмжээнд боловсролын үйлчилгээний хүртээмж, чанарыг дээшлүүлэх зорилгоор алслагдсан багуудад шинээр сургууль, цэцэрлэг барих ажлыг эхлүүлээд байна. Хичээл, сургуульдаа орж байгаа дүү нартаа амжилт хүсье. Хаана сурах нь гол биш, хэрхэн сурах нь чухал юм шүү” гэлээ.
Засаг дарга 18 дугаар сургуулийн нээлтийн ёслолд оролцох үеэрээ багшийн хөгжлийн төвд нь 10 орчим сая төгрөгийн өртөг бүхий тоног төхөөрөмж олголоо. Мөн тус сургууль AR технологийн хоёр лаборатори тохижуулахаар болсныг дуулгасан юм. Баянцагаан багийн 18 дугаар сургууль энэ хичээлийн жилд 5 зорилт дэвшүүлсэн бөгөөд эдгээрийг хэрэгжүүлэхэд орон нутгаас үзүүлж буй уг дэмжлэг том хувь нэмэр оруулна гэж үзэж буйгаа тус сургуулийн захирал хэллээ.
Энэ хичээлийн жилд орон нутгийн төсвийн хөрөнгөөр баригдсан орчин үеийн стандартад нийцсэн 26 дугаар цэцэрлэг болон улсын төсвийн хөрөнгөөр баригдаж буй Баянбулаг багийн цэцэрлэг ашиглалтад орно. Ингэснээр төрийн өмчийн 29 цэцэрлэг, хувийн хэвшлийн 10 цэцэрлэгт 9600 гаруй хүүхэд хамрагдаж хамран сургалт 94.4 хувьд рүрч байгаа аж.
Түүнчлэн төрийн өмчийн 17, хувийн хэвшлийн 7 сургуульд 20 мянга орчим хүүхэд суралцана. Дээрх сурагчдын 2163 нь нэгдүгээр ангид элсэгчид юм.
Одоогоор аймгийн хэмжээнд Яргуйт багийн цэцэрлэг, 18 дугаар цэцэрлэгийн өргөтгөл, нэгдүгээр сургуулийн өргөтгөл, 16 дугаар сургуулийн урлаг болон спорт заалны барилгууд шинээр баригдаж байна. Эдгээр нь 2019 оны зсдүгээр сарын 1-нд ашиглалтад орох бол энэ хичээлийн жилд Баянбулаг багийн цэцэрлэгийг ашиглалтад оруулна гэдгийг аймгийн Засаг дарга онцоллоо.
[sgmb id="1"]