Эрдэнэт хотыг илгээлтийн эзэд бүтээн босгосоны 50 жилийн ойг энэ зун тэмдэглэж, наадам хийхээр хэдэн тэрбумаар нь хөрөнгө босгоод найрлах гэж байгаа. Гэтэл 50 жилтэйгээ золгоод байгаа Орхон аймаг, Эрдэнэт хотод “Янзага” нэртэй хүүхдийн зуслангаас өөр зуслан байхгүй. Ядаж байхад, ганц зусландаа энэ зун их засвар хийж, хүүхдүүд хүлээж авахгүй болоод байна. Тэгэхдээ сонгуулийн өмнө “Янзага” зусланд хүүхэд хөгжлийн хөтөлбөрийн дагуу хоёр ээлж ажиллулахаар, өмнөх бямба гаригт гурван автобус хүүхэд явж байгаатай таарсан. Харин сонгуулиас хойш их засвараа эхлүүлэх гэж байгаа.
Зуны гурван сард хүүхэд амрах үеэр засвар хийхээр болсоноо “тендер, төрийн хөрөнгө оруулалт цаг нартай байдаг” гэж бодлого тодорхойлогчид тайлбарласан. Харин төрийн ажлыг явуулж байгаа эрхэмүүдийг “цаг хугацаанаас илүү хүүхдийн төлөө жижигхэн сэтгэл гаргачихгүй яав даа” гэж олон мянган эцэг эх хүүхдийнхээ өмнөөс харамсаж байна.
“Эрдэнэт Үйлдвэр”-ийн “Найрамдлын Эрдэнэс” зусланд уурхайчдын хүүхдүүд чихэлдээд, аймгийн хүүхдүүдийг багтаах зай байхгүй. Жилийн жилд “Эрхийн бичиг” нь олдошгүй ховор эрдэнийн нэг байсан. Хажуу зэргэлдээ аймаг, нийслэл рүү хүүхдээ зусланд явуулах гэхээр мэдээлэл бага, зав муутай эцэг эхчүүд яахаа мэдэхгүй байх шиг. Ямар ч байсан Орхон аймгийн удирдлагууд Эрдэнэтийн хүүхдүүдийг зуслангүй зусуулж чадах нь бололтой.
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ErdenetNews.mn хариуцлага хүлээхгүй.