Амарын талбайд тарьц суулгац, хүнсний ногооны үр, жимс жимсгэний модны худалдаа гараад хэд хонож байгаа. Араас нь Нээлттэй хаалганы өдрүүд шил шилээ даран үргэлжилж байна. Өчигдөр л гэхэд Байгаль орчны байгууллагуудын нээлттэй хаалганы өдөрлөг болсон. Бороотой, бүрхэг хэдий байсан ч иргэд зорьж ирж байлаа. Бага үдийн алдад Амарын талбай олны хөлд үнэхээр дарагдсан. Төв зам хэсэг хугацаанд түгжирсэн.
Харин өнөөдөр Амарын талбайд Эрдэнэтийн иргэдэд өдөр тутмын үйлчилгээ эрхэлдэг мэргэжлийн байгууллагуудын нээлттэй хаалганы өдөрлөг боллоо. “Эрдэнэт Ус ДТС” ОНӨХК, “Эрдэнэт Булганы цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК, “Эрдэнэтийн дулааны цахилгаан станц” ТӨХК, “Хот тохижуулах газар”, Өмгөөлөгчдийн холбоо гээд л арав шөхөм байгууллагаа иргэдэд үйл ажиллагаагаа танилцуулж, санал хүсэлтийг нь хүлээн авч байлаа.