Хэвлийдээ зэс, оюу эрдэнэс өвөрлөн заяасан Эрдэнэт уулынхаа буяныг эрдэнэтчүүд “Бор уулын минь хишиг” гэж сүсэглэн залбирч хүртдэг. Эрдэнэт уулнаас ашиглаад овоолсон шороогоор бүхэл бүтэн уул үүссэн байдаг. Энэхүү уулан шорооноос зөвхөн хоёрдугаар овоолгыг ашиглаж, 200 гаруйхан ажилтантай, ирэх жил 10 жилийн ойтойгоо золгож буй “Ачит Ихт” компанийн байгуулсан “Мөсөн ордон- Steppe Arena”-д дэлхийн аваргын Хоккейн тэмцээний нэг хэсэг тоглолт боллоо.
“Степп Арена” хэмээх жилийн дөрвөн улиралд мөстэй байж, хүүхэд, залуусын өвлийн спортын хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулах дэлхийн хэмжээний томоохон спортын байгууламжийг “Ачит Ихт” компани байгуулсан. Энэ онд Дэлхийн Хоккейн аварга шалгаруулах тэмцээний дөрөвдүгээр дивизионы тэмцээнийг “Степп Арена”-д хийлээ. Хоккейн спортын дэлхийн аваргын тэмцээнийг эх орондоо үзэж байгаа нь Эрдэнэт уулын минь буян хишиг юм.
Дэлхийн аваргын тэмцээнийг Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн ивээл дор зохион байгуулж, Тамгын газрын дарга Я.Содбаатар нээлтийн үйл ажиллагаанд Ерөнхийлөгчийн мэндчилгээг танилцуулсан юм. Дөрөвдүгээр дивизионы энэ удаагийн тэмцээнд Филиппин, Кувейт, Монгол, Индонез улсын Хоккейн багууд өрсөлдөж байна. Ийнхүү зэс боловсруулах “Ачит Ихт” компанийн байгуулсан “Мөсөн ордон”-д дэлхийн олон тэмцээний түүхүүд бичигдэх эхлэл тавигдаж байна.