Баян-Өндөр сумын Яргуйт багт багийн нэгдсэн төв ашиглалтад орж өнөөдөр нээлтээ хийлээ. Уг багийн байранд Баян-Өндөр сумын Яргуйт багаас гадна шинээр үүссэн Баян-Овоот багийн ажлын алба, цагдаагийн хэсэг, иргэдийн зөвлөл байрлана. Ингэснээр нийт хоёр багийн 1778 өрхийн 6188 иргэн, 17 аж ахуй нэгж байгууллагад төрийн анхан шатны үйлчилгээг үзүүлэх юм. Нийт 3 давхар 37 өрөө тасалгаа бүхий уг барилгын ажлын гүйцэтгэгчээр “Хөх тавилан” ХХК ажиллажээ. Үүнд улсын төсвийн 2 тэрбум гаруй төгрөг зарцуулагджээ.
Орхон аймгийн хувьд багийн хөгжлийг дэмжих хөтөлбөрийг батлуулан хэрэгжүүлж байгаа бөгөөд Багийн Иргэдийн зөвлөл, багийн ажлын алба, багийн өрхийн эмнэлэг, цагдаагийн хэсгийг нэг дор хамтран ажиллах орчин, нөхцлийг бүрдүүлж өнгөрсөн хугацаанд Эрдэнэ, Говил, Баянцагаан багуудын байрыг шинэчлэн нэгдсэн төв байгуулаад байгаа.
Мэдээллийн төв