Засаг даргын шуурхайн зөвлөгөөнийг Засаг даргын орлогч М.Түмэнжаргал удирдан явуулж, өнгөрсөн долоо хоногийн шуурхай зөвлөгөөний биелэлтийг хэлэлцлээ.
Говил багийн Хог хаягдлын нэгдсэн цэгийн газар нутаг орчимд тархсан хог хаягдлыг хумих, цэвэрлэх ажлыг өнгөрсөн сарын сүүлээр эхлүүлсэн. Хог хаягдлын нэгдсэн цэгийн 80,3 га талбайн хэмжээ хүний буруутай үйл ажиллагаа, байгаль цаг уурын нөхцөл байдал зэргээс шалтгаалж өдгөө 180 га талбайг хамраад байгаа юм.
Тиймээс эхний ээлжинд хогийн цэг орчмын газар нутгийн 35 га талбайн хог хаягдлыг хумих ажлыг орон нутагт үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгж, төрийн байгууллагын ажилтан албан хаагчид Байгаль орчин аялал, жуулчлалын яам, Агаар орчны бохирдлыг бууруулах үндэсний хорооны дэмжлэгээр хийж гүйцэтгэж байна. Энэ сарын 5-ны өдрийн байдлаар 24 байгууллагын 406 хүний оролцоотой 21 орчим га талбайд тархсан хогийг түүж хумиад байна. Мөн Хот тохижуулах газар 3 ковш, 5 машин, "Ачит-Ихт" ХХК 2 хово, 1 трактор, Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ-ын машин техникийн хүчээр хийж гүйцэтгэж байна.
БОАЖЯ, Агаар, орчны бохирдлыг бууруулах үндэсний хорооноос Хог хаягдлын нэгдсэн цэг орчмын газрын хөрсний доройтлыг зогсоох, хог хаягдлын тархалтыг хумих, дарж устгах, хамгаалалтын далан байгуулах, хөрсний нөхөн сэргээлтийг хийхэд зориулж нэг тэрбум төгрөгийн санхүүжилтийг шийдвэрлэсэн. Уг эх үүсвэрээр 35 га талбайн хогийг хумих бөгөөд 3 га талбайд мод үржүүлэг, ойжуулалтын ажлыг хийж гүйцэтгэхээр төлөвлөсөн.