Хорооллын эцсээс уруудаад нэлээн явахад автозамын зүүн талын автобусны буудлын нэг сүүдрэвч байдаг даа. Одоо зарим нэг нь бараг мартсан байлгүй. Арга ч үгүй дээ, унаад бараг хоёр сар болж байна. Иргэдийн санал хүсэлтийг хүлээн авах 70353511 төвд нэгэн иргэн “газарт дээш хараад хэвтэж байгаа энэхүү автобусны буудлыг босгоод өгөөч” гэж ханджээ.
Авто тээврийн төв зэрэг хариуцдаг газар нь энэ буудлыг бүр мартжээ. Уг нь хүчээ нэгтгэж байгаад босгочих хөрөнгө мөнгө, хүч чадал, боломж манай аймагт бий л дээ. Даанч дарга нар сэтгэл гаргадаггүй нь үнэхээр хэцүү. Унаад хоёр сар болж байгаа автобусны буудлын энэ сүүдрэвч үг хэлдэг бол “Эрдэнэтчүүд та нар арай ч дээ. Намайг татаад босгочихгүй юм гэж үү. Та нар чинь эрдэнэтчүүд эрдэнэтчүүддээ хайртай гэдэг биз дээ” хэмээн бухимдах байлгүй. Гагнасан энэхүү зэвхий төмөр үг хэлнэ гэж үү хэмээн хэлэх ч хүчээ нэгтгээд өөд нь татахгүй бол хогийн ургамал, халгай зэрэгт дарагдаад харагдахгүй болох нь. Аягүй бол хичээл эхлэх дөхөнгүүт гэнэт энд автобусны буудлын сүүдрэвч байдгийг санатал аль хэдийнэ төмрийг хог руу ачигдчих вий дээ. Эрдэнэтчүүдийн төлөө хүчээ нэгтгэе гээд л байснаа эргэн саная.