“Монгол Улсын Статистикийн тухай хууль”-д заасны дагуу 10 жилд нэг удаа болдог Хөдөө аж ахуйн ээлжит тооллогыг улсын хэмжээнд 2022 оны тавдугаар сараас долоодугаар сар хүртэл зохион байгуулах гэж байна. Орхон, Булган аймгаас улс орон даяарх тооллого эхлэх агаад энэ сарын 21-нээс ирэх сарын 3 хүртэл тооллогын ажлыг явуулах тухай Статистикийн хэлтсийн дарга мэдээллээ.
“Хөдөө аж ахуйн ээлжит тооллого 2022”-т мал аж ахуй, газар тариалан, ой, загас, ан агнуурын чиглэлээр үйл ажиллагаа эрхэлдэг иргэн, аж ахуйн нэгж ,байгууллагыг хамруулна. Тухайлбал, аймгуудад газар тариалан эрхэлж байгаа иргэн, аж ахуйн байгууллагуудыг тоологч нар тариалангийн талбай дээр биечлэн очиж талбайн цэгийг хэмжих юм.
Уг тооллогын үр дүнд байгаль орчин, газар ашиглалт, цөлжилт, газар тариалан, мал аж ахуйн талаарх мэдээлэлтэй болно. Мөн хөдөө аж ахуйн үйл ажиллагаа эрхэлж байгаа үйлдвэрлэл, орлого, зарлага, хүнсний хомсдолын талаарх мэдээлэл цуглуулахаас гадна аймгийн иргэдийг эрүүл чанартай хүнсээр хангах мэдээллийн баазтай болохоороо давуу талтай юм. Иймд үйл ажиллагаа эрхлэгч иргэн, ААН, байгууллагуудыг тооллогондоо идэвхитэй хамрагдахыг уриаллаа.