Үндсэн агуулга руу шилжих
Баасан 2026.10.16 Цас Орхон -10° / -4° USD 3596.30▲ EUR 4041.88▲ CNY 537.81▲ RUB 42.94▼ KRW 2.70▲
Шуурхай
SI card
Орхон аймгийн төрийн албан хаагчдын 46.4 хувь нь монгол бичигт шилжихэд бэлэн биш гэжээ

Орхон аймгийн төрийн албан хаагчдын 46.4 хувь нь монгол бичигт шилжихэд бэлэн биш гэжээ

Улсын хэмжээнд 2025 оноос эхлэн төрийн албан хэргийг кирилл болон  үндэсний монгол бичгээр хөтлөн явуулахаар шат дараатай бэлтгэл ажлууд хийж байгаа.

Хуваалцах: Facebook X Messenger Telegram LinkedIn

Улсын хэмжээнд 2025 оноос эхлэн төрийн албан хэргийг кирилл болон  үндэсний монгол бичгээр хөтлөн явуулахаар шат дараатай бэлтгэл ажлууд хийж байгаа. Уг ажлын хүрээнд Орхон аймаг “Эх хэл Эрдэнэт” хөтөлбөрийг хэрэгжүүлэн ажиллаж байгаа юм.  Монгол улсын төр албан бичиг хөтлөлтөө эх хэл буюу монгол бичгээрээ хөтлөн явуулахын тулд 1985 оноос эхлэн  ажиллажээ. 1985 онд Сайд нарын зөвлөлийн тогтоолоор Ерөнхий боловсролын сургуулийн 7-8 дугаар ангид монгол бичгийн хичээлийг судалж эхэлсэн байна. Түүний дараа 1992 оноос нэгдүгээр ангиас нь эхлэн монгол бичиг зааж байжээ. Улмаар 2000 оноос хойш Монгол бичгийн Үндэсний 1,2 дугаар хөтөлбөрийг гарган хэрэгжүүлсэн юм. Хамгийн сүүлд “Монгол бичгийн үндэсний хөтөлбөр-3”-ыг батлаад байгаа. Хөтөлбөрийг хэрэгжүүлэхийн тулд төр засгийн зүгээс 60 гаруй ажлыг зохион байгуулж байна. Улсын хэмжээнд 2025 онд 190 гаруй мянган төрийн албан хаагч үндэсний бичигтээ суралцсан байх шаардлага тавьж байгаа. Иймд Орхон аймаг “Эх хэл Эрдэнэт хөтөлбөр”-ийг хэрэгжүүлж байгаа. Уг хөтөлбөрийн дагуу төрийн албан хаагчдын сургалтыг эхлүүлж зөвлөгөөн зохион байгууллаа.

Орхон аймгийн хэлний салбар зөвлөлөөс төрийн албан хаагчдыг монгол бичигт сургах ажлыг эрчимжүүлэхийг уг зөвлөгөөний үеэр онцлов. Учир нь 21 аймаг, Улаанбаатар хотын төрийн 140 гаруй мянган албан хаагчаас монгол бичгийн мэдлэгийн  шалгалт, судалгаа авсан. Үүнд Говь-Алтай аймгийн төрийн албан хаагчид 75.7 хувьтай буюу хамгийн өндөр үнэлгээ авчээ. Харин Орхон аймгийн төрийн албан хаагчдын монгол бичгийн мэдлэг 53.6 хувьтай шалгагджээ. Өөрөөр хэлбэл, Орхон аймгийн төрийн албан хаагчдын 46.4 хувь нь монгол бичигт шилжихэд бэлэн биш гэжээ. Зөвлөгөөний үеэр Орхон аймагт монгол хэл бичгийн 101 багш байгаа, эдгээр мэргэжилтнүүдтэй хамтран ажиллахыг онцлов.  

 Орхон аймаг хос бичигтэй аймаг болохын тулд төрийн байгууллагын удирдлагууд биеэр үлгэрлэн сайн суралцахыг уриаллаа. Мөн дунд сургуулийн сурагчдын мэдлэгийн түвшинг ахиулах, багш нарыг чадавхжуулах зэргийг хөтөлбөрт хамруулах аж. Зөвлөгөөнд Хэлний бодлогын салбар зөвлөлийн ажилтан, мэргэжилтнүүд цахимаар болон биеэр оролцлоо. Ирэх тавдугаар сард Үндэсний бичиг үсгийн баярыг улс даяар хийх юм байна. 

Хуваалцах: Facebook X Messenger Telegram LinkedIn
Мэдээг үнэлэх:
Анхны үнэлгээг өгөөрэй
SI card