Эрдэнэ багийн Ерөнхий боловсролын 20 дугаар сургууль химийн хичээлийн орчин үеийн танхимтай боллоо. “Ачит Ихт” компани нийгмийн хариуцлагын хүрээнд 45 сая төгрөгөөр иж бүрдэл бүхий химийн танхимыг байгуулж хүлээлгэн өгсөн юм. Энэ үеэр тус сургуулийн Удирдах зөвлөлийн дарга, аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн дарга Д.Мөнхбат “Эрдэнэт хотод үйл ажиллагаа явуулдаг та бидний сайн мэдэх Ачит Ихт компани нийгмийн хариуцлагын хүрээнд Эрдэнэ багийн, гэр хорооллын сургуульд 45 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар химийн кабинет байгуулж өглөө. Үнэхээр баяртай байна.
Бидний үед сургуульд химийн хичээлийг судлахад спиртэн дэн, лакмусын цааснаас нэг их хэтэрдэггүй байж. Өнөөдөр энэ сургуулийн сурагчид химийн хичээлийн орчин үеийн танхимтай боллоо. Сурагчдын суух энэ ширээ нь л гэхэд химийн урвалын бодис асгалаа гэхэд түлэгдэхгүй, зурагдахгүй онцлогтой. Хичээлийн багаж, энэ бүхэн нь хамгийн сүүлийн үеийнх. Багшийн самбар, багшийн нөөтбүүк, сейф гээд нэрлэвэл олон зүйл бий. Хамгийн гол нь Ачит Ихт компанийн хөрөнгөөр бий болсон химийн хичээлийн энэ танхимаас Эрдэнэтийн нэрийг өндөрт гаргасан ирээдүйн алдартай химич, эмч нар төрөн гарна гэдэгт итгэлтэй байна. Тэр бүү хэл, энэ танхмид сурсан сурагчдаас Ачит Ихт компанийн ирээдүйн боловсон хүчин ч төрөн гарна. Иймд хүүхэд багачуудынхаа ирээдүйн сайн сайхны төлөө, нийгмийн хариуцлагынхаа хүрээнд хөрөнгө оруулалт хийсэн Ачит Ихт компанийн хамт олонд талархал илэрхийлье. Сурагч дүү нар минь улам хичээгээрэй” хэмээлээ.
Химийн хичээлийн танхим хүлээлгэн өгөх ёслолын үеэр 11 дүгээр ангийн сурагчид аймгийн ИТХ-ын дарга Д.Мөнхбат, “Ачит Ихт” компанийн үйлдвэрийн захирал И.Батболд нарыг оролцуулсан химийн хичээлийн туршилт явуулсан юм.
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ErdenetNews.mn хариуцлага хүлээхгүй.