Аймгийн Эрүүл мэндийн газрын даргын зөвлөх Ц.Мөнхцэцэгийн Онцгой комиссын хурал дээр хийсэн мэдээллийг хүргэж байна.
“Орхон аймагт энэ сарын 20-ны өдрийн байдлаар нийт 2300 сорьцын шинжилгээ авсан. Үүнээс 655 сорьцыг ХӨСҮТ-д PCR хийлгэхээр явууллаа. Эдгээр сорьц дотор төмөр замтай холбоотой томоохон аж ахуйн нэгж, үйлдвэрийн газруудтай харьцдаг Эрдэнэт үйлдвэр, ДЦС, батлагдсан 13 тохиолдлын ойрын хавьтлын шинжилгээ байгаа. Орхон аймгийн хэмжээнд 13 халдвартай тохиолдлын 307 ойрын хавьтал бүртгэгдсэн. Эдгээрээс 141 сургууль, цэцэрлэгийн хүүхэд байгаа учир хүүхдүүдийг гэрийн тусгаарлалтанд байлгаж, гэрээр нь очиж шинжилгээ авна. Ойрын хавьтал 57 хүнийг тусгаарлах байруудад авсан. Батлагдсан ойрын хавьтлаас 678 сорьцоос 4 шинжилгээ эерэг гарсныг ХӨСҮТ рүү баталгаажуулахаар илгээсэн. Өнгөрсөн шөнө бид вируслогийн кабинетээ хүлээн авлаа. Ингэснээр PCR-ийн шинжилгээг өөрсдөө хийдэг болохоор техникийн тохируулгын ажлуудыг хийж байна.
Манай аймгаас ХӨСҮТ-д эмчлүүлэхээр явуулсан 13 тохиолдлын биеийн байдал хөнгөн байгаа. Эмчилгээндээ ороод эхэлсэн. Хүн амд халдвар тархах эрсдлийн үнэлгээг Шадар сайдын тушаалаар баталсан журмын дагуу хийхэд, манай аймагт маш өндөр эрсдэлтэй үнэлгээ гарсан. Уг үнэлгээний дагуу бид ажлаа төлөвлөж, шуурхай ажиллаж байна. БОЭТ халдвар авах эрсдэл өндөр байгаа учир Өрхийн эрүүл мэндийн төвүүд гэрийн үйлчилгээгээр хөгжлийн бэрхшээлтэй иргэд, ахмад настан зэрэг хүмүүст үйлчилнэ. Шинжилгээ авах 15 цэг дээр иргэд бөөгнөрөл үүсгэж болохгүй, тэнд халдвар авах эрсдэлтэй. Иймд 7035-3666 утас руу бүртгүүлээд хүлээж байх хэрэгтэй.
ХӨСҮТ-өөс манай аймагт хоёр мэргэжилтэн ажиллаж байна.