Жүдо бол хүндлэл, хүмүүжлийн их урлаг гэдэг. Энэхүү их спортын төрлөөр дамжуулан ирээдүй үеийнхний төлөвшил, бие бялдрын хөгжилд томоохон хөрөнгө оруулалт хийх нь Эрдэнэт үйлдвэрийн нийгмийн хариуцлагын том бодлого.
Үүний хүрээнд тус үйлдвэр улс, аймгийн чанартай олон тэмцээн уралдааныг тогтмол ивээн тэтгэж, зохион байгуулж ирсний нэг нь 1996 оны Атлантын олимпын хүрэл медальт, Ази тивийн анхны аварга, Монгол Улсын Гавьяат тамирчин Д.Нармандахын нэрэмжит Жүдо бөхийн өсвөр үеийн олон хотын тэмцээн юм. 1997 оноос хойш эдүгээ 24 дэх жилдээ тасралтгүй болж буй тус тэмцээнийг энэ удаа Монголын Жүдо бөхийн холбоо, Орхон аймгийн ЗДТГ, Биеийн тамир спортын газар, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ хамтран “Хангарьд” паласт зохион байгуулж байна.
Мөн жүдогийн спортын хөгжил дэвшилд хувь нэмрээ оруулах, эхлэн хичээллэж буй өсвөр үеийнхэнд үлгэр дуурайлал өгөх зорилгоор жингийн шилдэг тамирчдын тэмцээнийг уламжлал болгон зохион байгуулдаг. Энэ жил жүдогийн 66 кг-ын шилдгүүдийн тэмцээн Дэлхийн аваргын мөнгөн медальт, Дэлхийн Залуучуудын аварга шалгаруулах тэмцээний хүрэл медальт, Насанд хүрэгчдийн мөнгөн медальт, Дэлхийн цомын аварга шалгаруулах тэмцээний хүрэл медальт, ОУХМ Д.Дэлгэрбаярын нэрэмжит “ТОП-66” нэртэйгээр боллоо. Тус тэмцээнд 28 багийн 66 кг-ын шилдэг 45 тамирчин барилдаж,аваргын алтан медалийг “Хилчин” спорт хорооны тамирчин, ОУХМ Г.Хэрлэн хүртлээ. Мөнгөн медалийн болзлыг “Төв тэмүүлэл” спорт клубын тамирчин, Спортын мастер Г.Сод-Эрдэнэ хангасан бол “Хилчин” спорт клубын тамирчин, ОУХМ Д.Төмөрхүлэг, “Хангарьд” спорт клубын тамирчин, Спортын мастер Б.Батболд нар хүрэл медалийн эзэд боллоо. Харин МУ-ын Гавьяат тамирчин Д.Нармандахын нэрэмжит тэмцээнд 54 жингийн ангилалд 1200 өсвөр үеийн тамирчид барилдаан маргааш эхэлнэ.
Тэмцээний нээлтийн ажиллагаанд “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Нийгмийн харилцааны хэлтсийн орлогч дарга Д.Эрдэнэбат, Спорт цогцолборын дарга, МУ-ын Гавьяат тамирчин Ш.Даваахүү, Монголын Жүдо бөхийн холбооны дэд ерөнхийлөгч Д.Өсөхбаяр, Д.Бадрах, Г.Баярцолмон, МУ-ын Гавьяат дасгалжуулагч Ш.Бат-Орших, Г.Энхбаяр, Ж.Баярсайхан, Гавьяат тамирчин Т.Үйтүмэн, Самбо бөхийн дэлхийн хошой аварга, Гавьяат тамирчин Х.Батхишиг нарын эрхэм хүндтэй зочид, нэрт тамирчид хүрэлцэн ирж, оролцсоны зэрэгцээ МУ-ын Гавьяат тамирчин Д.Нармандах, ОУХМ Д.Дэлгэрбаяр нарт хамт олон, ангийн найз нөхөд, нутгийн төлөөллүүд хүндэтгэл үзүүлэв. Энэ удаагийн өсвөр үеийн олон хотын тэмцээнд 1000 гаруй тамирчин барилдаж байгаа нь жилээс жилд цар хүрээ, оролцогчдын тоо болон жүдо сонирхогчдын тоо өсөж, тэмцээний ач холбогдол дээшилснийг илтгэж байна, гэж зохион байгуулагчид, оролцогчид онцоллоо.
М.Балжинням
Фото Б.Баттөгс