Аймгийн Засаг даргын Тамгын газрын дарга Д.Соёлчхүү тун удахгүй ажлаа өгөх болсон тухай чимээ шуугиан гарч эхэллээ. Түүний орны хүнээр аймгийн ЗДТГ-ын Төрийн захиргаа, удирдлагын хэлтсийн дарга Ш.Ганболд, Хяналт шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын хэлтсийн дарга М.Жанболат нарын нэр дээд түвшинд яригдаж байгаа бололтой.
Д.Соёлчхүү даргын хувьд ажлаас чөлөөлөгдөх болсон шалтгаан нь тун энгийн. Аймгийн ЗДТГ-ын дарга бол ТЗ-ны14 жагсаалтаар эрэмблэгддэг. Нэг үгээр хэлбэл манай аймаг дотроо төрөө төлөөлөх хамгийн том албан тушаалтан. Аймгийн Засаг дарга, түүний орлогчид бол улс төрийн албан тушаалтнууд. Сонгууль болдгоороо болж эрх баригч намууд ээлж дараалан өөрчлөгдсөн ч төрийн жинхэнэ албан тушаалтнууд ажлаа хийж байх л учиртай.
Нөгөө талдаа “Төрийн албаны тухай хууль”, холбогдох бусад хууль тогтоомжид саяхан томоохон өөрчлөлтүүд орсон. Үүний нэг нь “аймгийн ЗДТГ-ын дарга болох хүн мерит буюу шатлан дэвших зарчмын дагуу хэлтэс, газрын даргаар 8-аас доошгүй жил ажилласан байх” хэмээн заасан нь Д.Соёлчхүү даргыг энэ шаардлагад бүдрэхэд хүргээд байгаа гэж дуулдана.
Д.Соёлчхүү нь 2016 оны сонгуулиас өмнө “Монгол шуудан” төрийн өмчит үйлдвэрийн газрын салбарын даргаар ажиллаж байсан. 2016 оны аймгийн ИТХ-ын сонгуульд Баян-Өндөр сумын Зэст багт МАН-аас нэр дэвшин өрсөлдсөн ч сумын Засаг дарга асан И.Баасанжавт ялагдсан. Тун удалгүй “цоорч” аймгийн ЗДТГ-ын дарга болсон. “Намынх нь нөхөд сонгуулиар ганц суудал авчирч чадаагүй нөхөр яахаараа албан тушаалаар шагнуулав” хэмээн шуугисан боловч тэгсхийгээд намжсан билээ.