Амралт зугаалгын улирал эхэлж замын хөдөлгөөн ихэсч байна. Жолооч нар машины урд хэсэгтээ ялаа шавжнаас сэргийлж тор хаалт тавьдаг. Ингэхдээ тээврийн хэрэгслийн улсын дугаарыг хаасан байдаг. Энэ нь зам тээврийн хөдөлгөөнд саад учруулдаг учраас Зөрчлийн тухай хуулиар торгууль ноогдуулах заалттай.
Мөн машины урд салхины шил, урд хаалганы шилний тольны харах хэсэгт тень наахыг хориглосон учир Зөрчлийн тухай хуулиар хариуцлага тооцох аж. Хар тень нааснаар осол гарах өндөр эрсдэлтэй байдгийг Аймгийн Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн ахлах зохицуулагч Э.Өлзийсүрэн ярилаа. Харин нарны хэт ягаан туяаны харшилтай жолооч эмнэлгийн байгууллагын тодорхойлолтоор стандартын дагуу тень наах боломжтой.
Сургууль цэцэрлэг амарсан энэ үед хорооллын доторх замд бага насны хүүхдүүд унадаг дугуй, ролик, скютер унах нь ихэссэн. Унадаг дугуйгаар дугуйн зам болон явган хүний замаар явахыг зөвшөөрсөн байдаг. Тиймээс үр хүүхдүүдээ анхаарч замын хөдөлгөөнд саад учруулахгүй байхыг сануулж байна. Аялал зугаалгын үед тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдлыг хангах, бага насны хүүхдийг зориулалтын суудалд суулгах, бензин шатахуунаа хангаж замд гарахыг анхаарууллаа.