Аймгийн удирдлагууд цэргийн алба хаагчдаа эргэлээ
Орхон аймгийн ИТХ-ын дарга П.Пүрэвлхагва, Засаг дарга Д.Батлут, аймгийн Цэргийн штабын дарга хурандаа Г.Батсуурь нар Зэвсэгт хүчин болон, Хилийн цэргийн анги салбаруудад Цэргийн жинхэнэ албаны 2018 оны цэрэг татлагаар Орхон аймгаас татагдан хугацаат цэргийн алба хааж буй түрүүч, байлдагчдаа эргэлээ.
Эхэлж нийслэлийн Хан-Уул дүүрэгт байрлалтай ЗХ-ний 013-р ангид алба хааж буй цэргүүдээ Цэргийн штабын дарга, хурандаа Г.Батсуурь, тоо бүртгэл хариуцсан офицер дэд хурандаа Л.Болд очиж ар гэрээс нь илгээсэн зүйлс болон Орхон аймгийн Засаг даргын бэлгийг тус бүрт нь гардуулан өгсөн билээ.
Дараа нь ИТХ-ын дарга П.Пүрэвлхагва, Засаг дарга Д.Батлут, аймгийн Цэргийн штабын дарга хурандаа Г.Батсуурь нар хурандаа генерал Б.Цогийн нэрэмжит “Цэргийн гавъяаны одонт” ЗХ-ний 120-р ангид ЗХ-ний 014, 016, 119, 311, 326 дугаар ангиудад алба хааж буй цэргүүдтэйгээ нэгдсэн уулзалт хийж гарын бэлэг гардуулсан бөгөөд энэ үеэр аймгийн удирдлагууд цэргүүддээ хандаж мэндчилгээ дэвшүүлэн үг хэлсэн бөгөөд “Эрдэнэт” дуу бүжгийн чуулгын дуучин С.Ариун-Эрдэнэ ая дуугаа өргөлөө. Дараа нь тус ангийн цэргийн гал тогоонд түрүүч, байлдагч нартайгаа хамт хамт үдийн зоог барьсан юм.
Энэхүү арга хэмжээг Батлан хамгаалах яамны дэргэдэх “Дуулга” студи, “Соёмбо” сонины сэтгүүлчид ирж сурвалжилав.
Дорноговь аймгийн Зүүнбаян дахь Жанжин Сүхбаатарын нэрэмжит Байлдааны гавъяаны улаан тугийн одонт ЗХ-ний 336-р анги, болон Багануур дүүрэг дахь Хилийн цэргийн 0252-р ангид алба хааж буй цэрэг дайчидтайгаа мөн уулзаж бэлэг гардууллаа. Орхон аймгаас хугацаат цэргийн албаа хааж буй цэрэг дайчид маань өнгө жавхаатай байна. Анги нэгтгэлийн удирдлага, хариуцсан офицерууд ч мөн манай аймгийн цэргүүдэд ам сайтай байлаа.