Малын гаралтай түүхий эдийн цэгүүдийг “Таван-Эрдэнэ”-д төвлөрүүлнэ
Хотын төвд болон гэр хорооллын зам дагуу байрладаг ил задгай малын гаралтай түүхий эд худалдан авах цэгүүдийг малын гоц халдварт өвчин гарахаас урьдчилан сэргийлэх үүднээс “Таван-Эрдэнэ” худалдааны төвд төвлөрүүлэхээр болжээ.
Манай аймгийн хэмжээнд арьс шир, ноос ноолуур зэрэг малын гаралтай бүтээгдэхүүн худалдан авах төвлөрсөн цэг байдаггүй. Иргэд төхөөрсөн малынхаа арьс ширийг “Хүлэг” зах дээр аваачиж тушаадаг. Эсвэл гэр хорооллын замын дагуу байрлах түүхий эдийн цэгүүдэд өгч байна. Энэ байдал нь малын гоц халдварт өвчин гарах өндөр эрсдэлтэй гэдгийг албаныхан онцолж байгаа юм. Тэгвэл энэ байдлыг таслан зогсоож малын гаралтай түүхий эдийн бүтээгдэхүүнийг “Таван-Эрдэнэ” төвд төвлөрүүлж байна.[sgmb id="1"]
Ийнхүү ил задгай худалдааг худалдааны төвд байрлуулснаар холбогдох мэргэжлийн байгууллагууд хамтарч, хяналт тавьж малын гаралтай түүхий эдийн худалдааг цэгцлэх юм. Мөн энэ чиглэлээр худалдаа наймаа эрхэлж амьдрал ахуйгаа залгуулдаг иргэд “Таван эрдэнэ” зах дээр ажилласнаар борлуулалтынхаа 49 хувийг өөрсдөө үлдсэн 51 хувийг худалдааны төвд өгөх юм.