Мал бүхий иргэдэд улсын нөөцийн өвс, тэжээлийг олгож эхэллээ
Монгол Улсын Шадар сайд Ө.Энхтүвшингээр ахлуулсан улсын онцгой комиссын ажлын хэсэг өвөлжилт хүндэрсэн аймгуудад ажилласан. Ажлын хэсэг манай аймагт ажиллах үеэрээ 200 тонн өвс, 50 тонн тэжээл олгохоор шийдвэрлэсэн байна. Эдгээр тусламжийн өвс тэжээлийг мал бүхий иргэдэд олгох ажил энэ сарын 1-нээс эхэллээ.
Мал бүхий айл өрхүүдэд улсын нөөцөөс ирсэн үнэгүй олгох өвсийг тэгш хүртээмжтэй хүргэхээр Баян-Өндөр сумын Засаг дарга захирамж гаргажээ. Ингэснээр нэг айл өрхөд таван боодол өвсийг олгохоор тооцсон байна.
Баян-Өндөр суманд 621 мал бүхий өрхөд дөрвөн мянган боодол өвсийг олгож байна. Харин 800 шуудай тэжээл хөнгөлөлттэй үнээр олгохоос айл өрхүүдэд тус бүр нэг шуудай ноогдож байгаа юм. Энэ жилийн хувьд малчдад гурав дахь удаагаа өвс тэжээл олгох ажил хийж байгааг Баян-Өндөр сумын Засаг дарга С.Ганцогт онцоллоо. Улсын нөөцийн тусламжийн өвс тэжээл олгох ажилд ямар нэгэн асуудал, маргаан гарахгүй гэдгийг ч хэлсэн юм.
[sgmb id="1"]