С.Батжаргал: Аймгийн Засаг даргын захирамжаар амьд хөгжмийн тоглолт хийгээгүй шүү
Мэдээ мэдээлэл 1 сарын өмнө     229    0

Аймгийн Засаг даргын даваа гарагийн шуурхай зөвлөгөөн болов. Иргэдээс ирүүлсэн өргөдөл гомдлын барагдуулалтын талаарх мэдээллийг сонссон юм. 

Энэ үеэр  иргэнээс “Цэцэрлэгт хүрээлэнд амьд хөгжмийн хамтлагийн тоглолт болж, хүн хоорондын зай барихгүй, халдвар хамгааллын дэглэм алдагдсан байдалтай байна. Хөл хорио, дэглэм тогтоож, зарим үйлчилгээг хориглосон аймгийн Засаг даргын шийдвэр байсаар байтал зөрчин ийм үйл ажиллагаа явуулсан холбогдох албан тушаалтнуудад хариуцлага тооцмоор байна. Засаг даргын шийдвэр ямар хүмүүст үйлчилж, ямар хүмүүст үйлчилдэггүй юм бэ. Энэ асуудлаар тухайн үед нь Цагдаагийн газрын ахлах байцаагч руу /99364684/  мэдэгдэхэд аймгийн Засаг даргын зөвшөөрөлтэй үйл ажиллагаа явуулж байгаа гэж мэдэгдэж байна” гэсэн өргөдөл гаргажээ.

Үүнийг сонссон аймгийн Засаг дарга С.Батжаргал “Аймгийн Засаг даргын захирамжаар амьд хөгжмийн тоглолт зохион байгуулаагүй. Цагдаагийн газрынхан хуулийн дагуу шалгаад буруутай хүмүүст хариуцлага тооцоорой. Буруу мэдээлэл гарч байна” хэмээхэд Цагдаагийн газрын даргын зүгээс “Мэдлээ” хэмээн үүрэг даалгаврыг хүлээн авсан.

Үнэхээр сонгуулийн сурталчилгааны үеэрх нэгэнм өдрийн  шөнийн 01.00 цагийн орчим Цэцэрлэгт хүрээлэнд асуудал үүссэн. Зарим нэг хэвлэл мэдээллийн байгууллага газар дээрээс нь шууд Лайв хийж байсан. Нэвтрүүлгийн бичлэг, зураг авалт болж байгаа хэдий ч архи, пиво уусан хүмүүс, согтууруулах ундаа их хэмжээтэй байсан зэрэг нь нэгэнт ил болсон. Аймгийн Засаг даргын захирамжаар Орхон аймгийн нутаг дэвсгэрт үдшийн 22.00 цагаас хойш архи, согтууруулах ундаагаар үйлчлэхийг хориглодог. Энэ удаад аймгийн Засаг даргын захирамж Цэнгэлдэх хүрээлэнгийн хашаан дотор хүчин мөхөс байсан бололтой. Энэ асуудалд хамгийн түрүүнд хариуцлага хүлээх хүн бол яах аргагүй Цэцэрлэгт хүрээлэнгийн удирдлага. Энэ хавар тус байгууллагын даргын албан тушаалд шинээр томилогдсон тэр даргатай хариуцлага тооцохгүй юм бол шударга бус явдал болно.

Эсвэл Цэцэрлэгт хүрээлэнд шөнийн  02.00 цаг хүртэл тусгай хүмүүст архи, согтууруулах ундаагаар үйлчилдэг байх тухай аймгийн Засаг даргын тусгай Захирамж гаргаж мөрддөг байя. Цагдаагийнхан ч аймгийн Засаг даргынхаа нэрийг нохойд барьдаг мод шиг дураараа ашигладаггүй  байх хэрэгтэй. Аргаа барахдаа аймгийн Засаг дарга С.Батжаргал “Аймгийн Засаг даргын захирамжаар амьд хөгжмийн тоглолт зохион байгуулаагүй. Наад хэргийнхээ учрыг олоорой” гэж үүрэгдэж байхав.

Телевизийн үзэгчид “Урт цагааны гудамж” нэвтрүүлгийг үзэх дуртай байдаг, тэр дундаа залуус. Тэгвэл  хөшигний ард юу болдог, архи пиво ямар үүрэгтэй байдгийг эрдэнэтчүүд харин ч нэг Лайвын буянаар мэдэж авсан. Хууль иргэн бүрт ижил үйлчлэх ёстой. Түүнээс биш хэн нэгэн дарга, удирдлагын дэмжлэгтэйгээр хууль зөрчдөг байхыг эрдэнэтчүүд лав хүсэхгүй. Цэцэрлэгт хүрээлэн тойрсон асуудал эцэстээ аймгийн Засаг даргын шуурхай хүртэл өндрөө авлаа.