“Эрдэнэт үйлдвэр” өнөөдөр ч ачааны хүндийг үүрч байгааг Ерөнхий сайд нотоллоо
Нийгэм, Улс төр 1 сарын өмнө     119    0

Монгол улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өнгөрөгч баасан гарагт Орхон аймагт ажиллав. 

Тэрбээр энэ удаагийн Эрдэнэт хотод ажиллах болсны шалтгааныхаа талаар “Бид аль болох боловсруулалтын чиглэл рүү явахыг зорьж ажиллаж байна. Эдийн засгийг сайжруулах, иргэдийн амьдралын түвшинг дээшлүүлэх зорилтыг Монгол Улсын Засгийн газар 101 дэх өдрөөс хэрэгжүүлж байгаа. Үйлдвэрлэл шинжлэх ухаан технологийн паркийг “Эрдэнэт” ТӨҮГ-т эхлүүлэх гэж ирсэн. Өнгөрсөн долоо хоногт Өмнөговь аймагт нүүрс угаах ажлыг эхлүүлсэн. Цаашид дотооддоо зэс баяжуулах үйлдвэрийг байгуулна. Мөн төмрийн хүдрийг боловсруулж, газрын тосыг гаргаж авах гэсэн зорилтын хүрээнд ажиллаж байна” хэмээсэн юм. Хамгийн гол нь Л.Оюун-Эрдэнийн тэргүүлсэн Засгийн газар ирэх жилүүдийнхээ гол чиг хандлагыг тодорхойлсон. Түүнд нь дотооддоо зэс хайлуулах үйлдвэр байгуулах явдал багтсан. Ингэснээр Эрдэнэт үйлдвэрээс гарч байгаа зэсийн баяжмалыг боловсруулж цэвэр зэс гарган авч дэлхийд нийлүүлэх нь Засгийн газрын гол зорилго. Энэ талаар Монгол улсын 32 дахь Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ   “Монгол Улсыг нуруун дээрээ үүрч яваа, хөдөлмөрч, бүтээлч,түүхэн хамт олонд Засгийн газрын нэрийн өмнөөс талархаж буйгаа илэрхийлье. “Эрдэнэт үйлдвэр” турж үхэх гэж байгаа саалийн үнээ биш юм гэдгийг сүүлийн хоёр жилийн хугацаанд нотолж чадсан учраас маш их баяртай байна. Цаашдаа Монгол Улсын эдийн засгийн нийт ачааллын аравны нэгийг, 10 их наядын улсын төсвийн 1 их наядыг үүрч, дахиад 60-70 жилийн хугацаанд ажиллах техник эдийн засгийн үндэслэлийг өнгөрсөн хоёр жилийн хугацаанд боловсруулж нотолж чадсан. 2019 оны 3 дугаар сарын 6-ны өдөр У.Хүрэлсүхийн Засгийн газрын 91 дүгээр тогтоол гаргаж, Эрдэнэт үйлдвэр, Монголросцветмет хувьцаат компанийг онцгой дэглэмд авч байсан. Энд ирсэн миний нэг зорилго бол Эрдэнэт үйлдвэрийн өнөөгийн боломж, эдийн засгийн нөөц дээр тулгуурлаад Зэс баяжуулах үйлдвэрийг байгуулах Засгийн газрын 129 дугаар тогтоолыг танилцуулж байна” гэлээ.

Энэ бүхнээс харвал цагийн цагт, үеийн үед ч цар тахлын энэ цагт  “Эрдэнэт үйлдвэр”, Эрдэнэтийн уурхайчид ачааны хүндийг нуруун дээрээ үүрч байгааг Ерөнхий сайдын энэ удаагийн “ажлын айлчлал” нотолж байна.