Мэдээлэл, шуурхай удирдлагын төвийн цахимжуулалт Ерөнхий сайдаас А үнэлгээ авлаа
Хотын амьдрал 1 сарын өмнө     146    0

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ манай аймагт ажиллалаа. Ерөнхий сайдын энэ удаагийн албан  томилолтын ажлын хэсэгт Сангийн сайд Б.Жавхлан, Уул уурхай хүнд үйлдвэрийн сайд Г.Ёндон, Эрүүл мэндийн сайд С.Энхболд,  ЗГХЭГ-ын дэд дарга У.Бямбасүрэн болон бусад албаны хүмүүс багтсан байв.

Ерөнхий сайдын хамгийн эхэнд хөл тавьсан газар бол Мэдээлэл, шуурхай удирдлагын төв байлаа. Аймгийн Онцгой комиссын дэргэдэх Мэдээлэл, шуурхай  удирдлагын төвийнхөний хийж, хэрэгжүүлж байгаа шинэлэг олон ажил Ерөнхий сайдын багийнханд тун их таалагдав. Ерөнхий сайдын зүгээс Мэдээлэл, шуурхай удирдлагын төвийн ажилд тун сэтгэл хангалуун байж бараг л А үнэлгээ өглөө. Тэрбээр “Мэдээлэл, шуурхай удирдлагын төвд цахимжуулалтыг үнэхээр сайн хийсэн байна. Засгийн газраас E-Mongolia системийг  улс орон даяар нэвтрүүлж байгаа. Орхон аймгийн Мэдээлэл, шуурхай удирдлагын төв олон ажил хийж хэрэгжүүлжээ. E-Mongolia-г сайжруулж орон нутгуудад хүртээмжтэй үйлчилгээг нэвтрүүлэх чиглэлээр ажиллаж байгаа. Энэ ажилд эрдэнэтчүүдийн туршлага, энэ төвийн хамт олноос сурах зүйл их байна. Засгийн газрын зүгээс талархаж байгаагаа илэрхийлье. Вакцинд хамрагдалтын мэдээлэл, явц болоод Орхон аймгийн зарим төрийн байгууллагад очиж танилцахаас илүүтэйгээр нэгдсэн системийн удирдлагаар цахимаар танилцах боломжтой болсон нь олон давуу талыг бий болгож байна. Цаашдаа e-mongolia хөтөлбөр орон нутаг руу салбарлаж орох ёстой. Орон нутгийн удирдлагууд хамтарч манлайлан ажиллах хэрэгтэй. Эрдэнэтчүүдээс сурах зүйл их байна шүү” хэмээсэн юм.