Ерөнхий сайдын “Бэлэг”-ийн багцаас сонирхуулбал
Мэдээ мэдээлэл 1 сарын өмнө     159    0

Монгол улсын 32 дахь Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ баасан гарагт манай аймагт ажилласан. Тэрбээр энэ удаад эрдэнэтчүүдэд  том том бэлэг барьсан юм.  Тухайлбал,

1. Орхон аймагт гэр хорооллыг орон сууцжуулах зорилгоор 1000 айлын орон сууц барихаар төлөвлөж байгаа. Энэ ажлын инженерийн шугам сүлжээ болон бусад асуудлыг шийдвэрлэхэд шаардагдах  50 тэрбум төгрөгийн санхүүжилтийг Засгийн газраас олгохоор болов

2. Орхон аймаг цар тахлын эсрэг хариу арга хэмжээнд зарцуулсан 3 орчим тэрбум төгрөгийн өр үүсээд байгаа. Энэхүү 3 тэрбум төгрөгийн санхүүжилтийг Шадар сайдтай  ярилцаж ирэх 7 хоногт шийдвэрлэхээр боллоо.

3. Цэцэрлэгийн багш нарыг хоёр ээлжээр ажиллуулах аймгийн удирдлагын саналыг дэмжив. Аймгийн хэмжээнд нийт 278 цэцэрлэгийн багш ажилладаг. Цэцэрлэгийн багш нарыг 2 ээлжинд оруулан ажиллуулснаар анги дүүргэлт ихтэй, ачаалал өндөртэй ажилладаг багш нарын ажлын ачааллыг багасгах зорилготой юм. Нэг багшийн дундаж цалин 800 мянган төгрөг юм. 2021 оны 9-12 сарын санхүүжилт болох 889.0 сая төгрөгийг Засгийн газар шийдвэрлэж өгөхөөр боллоо. Ирэх жилээс Боловсролын сайдын багцад шаардлагатай санхүүжилтийг тогтмол суулгаж байхаар юм.

4. Гэр хорооллын айл өрхүүдэд цэвэр усны инженерийн шугам сүлжээг хүргэхэд шаардлагатай 80 тэрбум төгрөгийг шат дараатайгаар шийдвэрлэхээр боллоо.

5. Баян-Өндөр сумын нутагт уул уурхай-металлурги-химийн үйлдвэрийн цогцолбор байгуулах Засгийн газрын тогтоол, Үйлдвэрлэл, технологийн паркийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Ерөнхий захирал Х.Бадамсүрэнд гардуулсан юм.

  Үе үеийн Ерөнхий сайд нар Орхон аймаг, Эрдэнэт хотод томилолтоор ажилладаг. Энэ үеэрээ бидний өмнө тулгамдаж байгаа олон асуудлыг газар дээр нь шийдвэрлэхийн зэрэгцээ гэнэтийн бэлэг барихаа ч бас мартдаггүй. Ганцхан жишээ дурдахад л Ерөнхий сай асан У.Хүрэлсүх 2019 онд Эрдэнэт хотод ажиллахдаа 1А хорооллын инженерийн шугам сүлжээнд шаардагдах 10 гаруй тэрбум төгрөгийн асуудлыг шийдвэрлэх үүргийг “Эрдэнэт үйлдвэр”-ийн удирдлагад өгч байлаа. Үүний үр дүн ч гарч өнөөдрийн байдлаар 1А хорооллын инженерийн шугам сүлжээний ажил ид өрнөж байна.