ЗАСАГ ДАРГЫН ОРЛОГЧ М.ТҮМЭНЖАРГАЛ 1А ХОРООЛОЛД АЖИЛЛАВ
Хотын амьдрал 1 сарын өмнө     127    0

 2012 онд Эрдэнэт хотын “1А” хорооллыг барьж байгуулах аж ахуйн нэгжийг шалгаруулах төсөл сонгон шалгаруулалтад  Австрали Улсын хөрөнгө оруулалттай “ITG-Эрдэнэт” компани шалгарсан. 

Тус компани 1 А хорооллын инженерийн шугам сүлжээний зураг төсөв, хөрсний шинжилгээ, архитектур төлөвлөлт зэргийг батлуулснаар 2013 онд барилгын ажлаа эхлүүлсэн. Ингэснээр 2014 онд одоо баригдаад буй тус бүр нь хоёр орцтой есөн давхар гурван барилгын “краказ”-ыг барьжээ.

     2013 онд гарсан тооцооллоор энэ хорооллын дэд бүтцийг барьж байгуулахад 10,3 тэрбум төгрөг хэрэгтэй гэж Барилгын хөгжлийн төвийн мэргэжилтнүүд тооцсон.

   Үүнээс хойш “1А” хорооллын инженерийн дэд бүтцийг барьж байгуулаагүй шалтгаанаар ажил нь зогсоод 2019 оныг хүргээд байв.

      Ерөнхий сайд асан У.Хүрэлсүх 2019 онд манай аймагт ажиллах үеэрээ 1А хорооллын нөхцөл байдалтай танилцаж, хорооллын ажлыг үргэлжлүүлэхэд Эрдэнэт үйлдвэртэй хамтран ажиллах чиглэл өгснөөр инжинерийн дэд бүтцийн ажлууд хийгдэх боломжтой болсон билээ.

  “Орхон аймаг, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын 2020 оны хамтын ажиллагааны төлөвлөгөө”-нд гарын үсэг зурснаар  1А хорооллын барилгын ажлыг эхлүүлж, эхний ээлжинд 1230 айл орон сууцтай болох боломж бүрдэж байна. 

      Ингэснээр энэ хавраас эхлэн “1А” хороололд инжинерийн дэд бүтцийн ажил эхлээд байна. Өнөөдөр аймгийн Засаг даргын орлогч М.Түмэнжаргал холбогдох байгууллага, ААН-үүдийн төлөөллийг байлцуулан зарим нэг асуудлыг газар дээр нь шийдвэрлэснээр тус хорооллын авто зам, зогсоол, инженерийн дэд бүтцийн ажлууд цаашид саадгүй явах бололцоотой боллоо.

       1 А хороолол нь аялал жуулчлал амралт зугаалгын хэсэг, орон сууцны хорооллын хэсэг гэсэн хоёр хэсгээс бүрдэнэ. Аялал жуулчлал амралт зугаалгын хэсэгт, Их шүтээн цогцолбор, найрамдал өндөрлөг, музей, бөхийн өргөө, дуу бүжгийн чуулга, зочид буудал, одон орны дуран авай, худалдаа үйлчилгээний хэсэг байх юм.

      Орон сууцны хорооллын хэсэгт багийн цогцолбор, сургууль цэцэрлэг, соёл үйлчилгээ худалдааны төв, амралт чөлөөт цагийн талбай, орон сууцнууд баригдах ерөнхий төлөвлөлттэй юм.

Тус хорооллын авто болон явган замын ажлыг “Өлзий хутгийн наран” ХХК, инженерийн дэд бүтцийн ажлыг “Химон констракшн” ХХК, барилгажилтын ажлыг “ITG-Эрдэнэт” ХХК тус тус гүйцэтгэнэ.

 

Мэдээллийн төв