Хөл хориог дахин 7-14 хоног сунгаад ч ногоон бүс болохгүй, харин...
Хотын амьдрал 1 сарын өмнө     324    0

Орхон аймгийн хэмжээнд тогтоосон хөл хориог сунгах эсэх шийдвэрийг гаргах аймгийн Онцгой комисс 15.00 цагт хуралдах юм байна. Эрүүл мэндийн газраас өгч буй мэдээллээр хөл хориг дахин 7-14 хүртэлх хоногоор сунгах саналыг Онцгой комисст хүргүүлэхээр болжээ. 

Гэхдээ асуудлыг ганцхан эрүүл мэндийн байгууллагын хүсэлтээр хангачихдаггүй. Хаврын тариалалт, бүтээн байгуулалтын ажлууд, мод тарилт, хүнсний ногоо тариалалт, иргэдийн өдөр тутмын орлого, эдийн засаг гээд цаана нь олон асуудал байна. Хашааныхаа алга дарам газарт ганц шуудай төмс тарихад ч технологи бий. Түүнээс биш хатуу хөл хорио нэг мөр дууссаны дараа тариа, ногоогоо тарьдаг, ургуулдаг асуудал байхгүй л дээ. Дөрөвдүгээр сарын 10-наас хойш “хатуу” хөл хорионд байсан ч тархалт огцом буурсангүй. Дээр нь Улаанбаатар, Төв аймаг гээд гаднаас ирсэн иргэдээс халдвар нэмж гарч байгаа нь хөл хориог дахин 7-14 хоног сунгаад ч шийдчихгүй асуудал.

Аймаг өөрөө орлогогүй болж дээр нь аймгийн Засаг даргын нөөц сан “шуудайныхаа ёроол”-ыг эргүүлж сэгсрэх дээрээ тулсан энэ үед эдийн засагт нэрмээс болж хөл хориог дахин сунгах нь тийм сайн шийдэл биш. Засгийн газраас иргэн бүрт өгсөн 300 мянган төгрөг дуусчихсан. Зарим нэг иргэн тоглоом шоглоомоор “Одоо дахин хөл хорио сунгавал үлдэгдэл 700 мянгаа өг” гэж байгаа нь хатуу ч гэсэн үнэн. Иргэд орлогогүй болж хаврын урт өдрийг яая гэж байхад хөл хориог сунгах нь цагаа олсон шийдвэр биш болов уу. Одоо иргэн бүр хариуцлагаа ухамсарлаж, нийтээрээ халдвар хамгааллын дэглэмээ баримтлах, хүн хоорондын зай барих, гараа тогтмол угаах гээд эрүүл мэндийн байгууллагаас өгч байгаа зөвлөгөөг сайн биелүүлэх хэрэгтэй. Түүнээс биш хөл хориог 7-14 хоног сунгаад ч, байрнуудын хаалгыг битүүмжлээд ч цар тахлыг үгүй хийж, Орхон аймаг ногоон бүс болохгүй. Хатуухан хэлэхэд, цаг хугацааны “хайч”-нд коронавирус бидний алхам тутамд таарч байгаа учраас ариун цэврийн дэглэм, хувийн сахилга бат, нийгмийн ухамсараа дээшлүүлэхэд анхаарах цаг болжээ. Иргэдийнхээ толгой руу нь хийх ухамсарын ажлаа л илүү эрчимжүүлээч.