Түүх давтагддаг, тэр тусмаа ах дүүгийн найрамдлын түүх
Мэдээ мэдээлэл 11 өдрийн өмнө     83    0

                УИХ-ын дарга Г.Занданшатар ОХУ-аас Монгол улсад суух элчин сайд И.К.Азизовтой хоёр, гуравхан хоногийн өмнө уулзсан. 

Уулзалтаар ОХУ-аас авах 1.0 сая тун  “Спутник В” вакцины хоёр дахь ээлжийн талаар ярилцсан ажээ. Цар тахлын хүнд хэцүү үед монголчууд дээр доргүй орос ах нарын вакциныг хийлгэчих юмсан гэж тэрүүхэндээ хайж, эрэл сурал болж байгаа. Монголчууд, тэр дундаа эрдэнэтчүүд бид орос ах нарын гаргаж авсан тэр вакцинд илүүтэй найддаг нь тэр. Тэгээд ч Орос улсын анагаахын шинжлэх ухаан өнөөдрийг хүртэл дэлхийд тэргүүлдэг гэдэгтэй олон хүн санал нийлэх байх. Ямар ч байсан УИХ-ын дарга,  эрхэм элчин сайд нарын уулзалтын үр дүнд тун удахгүй монголчууд “Спутник В” вакцины хоёр дахь ээлжийг хүлээн авах нь тодорхой болов.

 Түүх давтагддаг ажээ. Өнөөдөр 2021 оны дөрөвдүгээр сарын 26-ны өдөр. Тэгвэл яг өнөөдрөөс 100 жилийн өмнө бүр тодруулбал, 2021 оны дөрөвдүгээр сарын 26-нд  тухайн үеийн МАН-ын Төв хороо, Ардын Түр Засгийн газраас Х.Чойбалсанг Ардын журамт цэргийн дэд жанжнаар томилсон. Тэр өдрөөс хойш дэд жанжин Х.Чойбалсангийн удирдсан цэрэг Улаан армийн жанжин П.Е.Щетинкиний цэрэгтэй хүч хавсран Түшээт хан аймгийн Эрдэнэ ван Намсрайн хошууны нутаг Монгол Хавтгай харуулын Зүлэгтэй /одоогийн Булган аймгийн Тэшиг сумын нутагт буй/, Сайн ноён хан аймгийн Итгэмжит гүний хошуу /одоогийн Булган аймгийн Хутаг-Өндөр сум/-ын Намнан уул, Гуртын тавилан, мөн аймгийн Мэргэн гүний хошуу /одоогийн Хөвсгөл аймгийн Рашаант сум/-ын Ацат тавилан, Түшээт хан аймгийн Ахай гүний хошууны Дух нарс /Одоогийн Булган аймгийн Сэлэнгэ сум/ зэрэг газраар цагаантны цэргийг мөрдөн хөөж байлджээ. Үүнийг түүхэнд Баруун замын байлдаан хэмээн тэмдэглэсэн байна. Баруун замын байлдааны ялалтын үр дүнд Монгол орны төв хэсэг цагаантнаас бүрэн чөлөөлөгдсөн тухай түүхийн ухааны доктор, хурандаа Г.Мягмарсамбуу тухайлан тэмдэглэжээ.

Нэг үгээр хэлбэл 20 дугаар зууны Монголын түүхийн хуудсанд нэрээ мөнхөлсөн Зууны манлай бүтээн байгуулалт Эрдэнэт хот, Эрдэнэт үйлдвэрийн оршин тогтнодог өнөөгийн Орхон аймгийн нутаг дэвсгэр одоогоос 100 жилийн өмнө цагаантнаас бүрэн чөлөөлөгдөж бүрэн эрхэт Монгол улсын мэдэлд орсон гэсэн үг. Тэрхүү түүхэн үйл явдлыг хойч үеийнхэндээ мэдүүлэх, мэдрүүлэх гэж Эрдэнэт үйлдвэрийн уурхайчид Баруун замын байлдааны жанждын цээж баримал хөшөөг үйлдвэрийн төв байрны өмнө байрлуулсан удаатай. Ардын журамт цэргийн дэд жанжин Х.Чойбалсан, Ардын Хатанбаатар Магсаржав, Улаан армийн алдарт жанжин П.Е. Щетинкин, К.К.Рокосовский  нарын цэргийн зүтгэлтнүүдийн Баруун замын байлдаанд гавьяаг Эрдэнэтийн уурхайчид “тэнгэрт нартай, газарт галтай” хамт мөнхөлсөн нь энэ. Тэдний дундаас К.К.Рокосовский  нь хожмоо эх орны их дайны нэрт жанжин болж алдар цуугаа мандуулан ЗХУ, Польш улсын маршал цол хүртсэн цэргийн гарамгай жанжин юм.

Өдгөөгөөс 100 жилийн өмнө Монгол орны төв нутгийг цагаантнаас чөлөөлөх Баруун замын байлдаан болж ялалтаар өндөрлөж байсан бол 100 жилийн дараа Оросын “Спутник В” вакцин монголчуудтай хамт коронаг ялахад нэг алхам урагшиллаа.  Түүх давтагддаг, тэр тусмаа ах дүүгийн найрамдлын түүх давтагддаг ажээ.

Энэхүү түүхийн дурсгалт хөшөөг 1977 оны 11 дүгээр сард “Медьмолибденстрой” байгууллагын удирдах газрын конторын барилгыг хүлээн авах ёслолын үеэр босгосон байна. Эрдэнэт үйлдвэрийн төв захиргааны баруун талд байрлах Жанжнуудын хөшөөг тухайн үеийн ЗХУ-ын уран бүтээлчид бүтээжээ. Орхон аймгийн Засаг даргын 2005 оны нэгдүгээр сарын 3-ны 421 тоот захирамжаар Орон нутгийн хамгаалалтад авсан байна.