Ганц хүүгээ цэрэгт явуулмааргүй байна
Нийгэм, Улс төр 11 өдрийн өмнө     138    0

               “Чингис хааны Их засаг хуульд хүний ганц хүүг цэрэгт татахгүй гэж байсныг чи, мэднэ дээ. 

Энэ цөвүүн цагт хүүгээ цэрэгт явуулмааргүй байна, ах нь. Хүүд маань цэргийн зарлан ирлээ, яах вэ” гэж санааширсан нутгийн ахтай Цэрэг татлагын байрны хажууд таарлаа. Аргаа барсан хүний үг гэлтэй. “Сулинхээрийн заставт долоохон хоногийн дараа халагдах гэж байсан хал цэрэг амиа егүүтгэсэн”  мэдээ салхинд түймэр шиг аслаа. Нутгийн ахын  “Ганц хүүгээ цэрэгт явуулмааргүй байна” хэмээх санаашрал толгой руу татаад авах шиг боллоо. Үндсэн хууль бусад хууль тогтоомжид “Монгол улсын 18 насанд хүрсэн иргэн цэргийн алба хаах үүрэгтэй” гэж заасан. Тэгвэл үүнтэй зэрэгцээд Монгол улсын үндсэн хуульд “Монгол улсын иргэн амьд явах эрхтэй” хэмээн тунхагласан заалт бий. Хуулийн энэ заалт ардын армид, хилийн цэрэгт хэрэгждэггүй, Монголын төр засаг цэргээ мартсанаас энх цагт амиа алдаж байна. Үүнд өнөөгийн төр, дарга даамлууд л буруутай.

2021 оны хаврын ээлжит цэрэг татлага коронатой зэрэгцэн явагдаж байна. Цэрэг татлагын байр аймгийн ЗДТГ-ын хонгилын нэгэн цонхон дээр ажиллаад эхэлсэн. Өнөөдөр Монголын төр 18 насанд хүрсэн олон аавын хөвгүүдийг хуулийн дагуу цэрэгт дайчлан татдаг бол амьд явах баталгааг эцэг эхэд нь гаргаж өгөх хэрэгтэй. Саяхан жагсаалын даргынхаа гарын шүүс болж амиа алдсан цэргийн ар гэрт  3 ч билүү 5 ч билүү жилийн цалинтай тэнцэх хэмжээний мөнгө болох 2.4 сая төгрөг олгох болсноо Зэвсэгт хүчний Жанжин штабынхан сүр бадруулан зарласан. Монголын Батлан хамгаалах яам, Жанжин штабт цэргийн алба хаагч, байлдагчийн амь ердөө 2.4 сая төгрөгийн үнэтэй байх нь. Тэгвэл цэргийн дарга, генералуудын цалин хангамж, цолны нэмэгдэл сард л 2 сая төгрөгт хүрдэг гэдгийг та дуулсан уу. Эндээс харвал үнэхээр шударга бус байгаа  биз.

Цэргийн дэглэлт, дүрмийн бус харьцаа зэргийг тойрсон асуудлаар өнгөрөгч өвөл, энэ хавар үнэхээр баялаг байлаа. Салаан даргадаа зодуулж амиа алдсан цэрэг, харуулын даргаа хөнөөж зугатсан хоёр цэрэг, 7 хоногийн дараа халагдах тушаалаа хүлээж байсан ч амиа егүүтгэсэн цэрэг, Хүндэт харуулын ангид алба хааж буй цэргүүдийн дэглэлт гээд бичээд байвал багагүй зүйл хөвөрнө. Хэдхэн жилийн өмнө “Олон аавын хөвгүүдтэй мөр зэрэгцэн цэргийн албаа нэр тэртэй хаагаад ирнэ ээ” хэмээн хэлж Амарын талбайгаас мордсон хүү амиа алдаж ээж нь дээлтэйгээ хатаж хэргийн үнэн зөвийг олохын төлөө мөн ч их гүйсэн дээ. Эцэст нь “Суурь өвчний улмаас нас барсан” гэсэн алга дарам цаас ар гэрт нь хүүг нь төлөөлж ирсэн.

Хилийн цэргийн 0214 дүгээр ангийн хугацаат цэргийн хоёр алба хаагч дөрөвдүгээр сарын 8-ны 18:00 цагийн орчимд харуулын даргаа буудаж хөнөөгөөд зугтсан хэрэг гарсан. Энэ хоёр цэргийн нэг нь Эрдэнэтийнх. Ингээд бодохлоор “Ганц хүүгээ цэрэгт явуулмааргүй байна” хэмээх иргэний үг эрхбиш таньд нэгийг бодуулж байгаа биз. Цэрэг татлага тавдугаар сарын 1-нд болно. Цар тахал, хөл хорио цэрэг татлагад төдий л нөлөөлөхгүй болов уу.

“... дээлээ даахтай болсныг нь сургуульд аваад явчих юм аа

Дээврээ даахтай болсныг нь цэрэгт татаад явчих юм аа” хэмээн нэрт найрагчийн шүлэглэсэнчлэн цэрэгт татаад авч явсан л бол эцэг эхэд нь амьд эргүүлэн өгдөг хуультай  болох хэрэгтэй ч юм шиг. Халагдах хал цэрэг амиа егүүтгэсэн хэрэг гарсны дараа аргаа барахдаа Хууль зүй, дотоод сайд Х.Нямбаатар “Цэргийн анги бүрт сэтгэл зүйч ажиллуулна” хэмээн мэдэгдэж байхав. Монголчуудын өвөг дээдэс үнэхээр ухаантай аугаа ард түмэн байжээ. Чингис хааны Их засаг хуульд “Хүний удам залгах ганц хүүг цэрэгт татахгүй” гэсэн тухай байсныг Монголыг 220 жилийн турш дарласан манж нар ч өөрчилж чадаагүй дагаж, мөрддөг байсан баримт сэлт түүхээс харахад олон байдаг. Ардчиллын энэ цагт яагаад энэ хуулийг сэргээж болохгүй гэж.