Цагдаагийн газар хүчирхийлэгч нарыг нийгэмшүүлэх, соён гэгээрүүлэх сургалтуудыг хийж байна
Мэдээ мэдээлэл 5 сарын өмнө     419    0

“Гэр бүлийн хүчирхийлэгч” хэмээх гутамшигтай нэршил чихэнд хоногштолоо яригдах болжээ. Орхон аймагт Цагдаагийн газрын  байрны дэргэд Гэр бүлийн хүчирхийллээс хамгаалах байрны шавыг өнгөрсөн онд тавьж, бүтээн байгуулах ажлыг нь эхлүүлсэн. 2021 онд улсын төсвөөс 900 гаруй сая төгрөг нэмж баталснаар, энэ онд ашиглалтанд оруулах гэж байна. “Короно чи бүх юмны дарга юм уу” гэсэн яриа гарсантай адил хүчирхийлэгч нар гэсэн бүх зүйлийн “дарга”  мэт  “арми” бий болоод байгаа нь эмгэнэлтэй. Хүчирхийлэгч нарыг нийгэмшүүлэхийн тулд сургалт хийж, гэр бүлийнхэнтэй нь эвлэрүүлэх, хохирогчдыг хамгаалах байр байгуулж байна. Гэсэн ч энэ их хөрөнгө зарсан ажлын ард хохирогчид сэтгэл зүй, эрүүл мэндээрээ хохироод үлддэг. Энэ сэдвээр Орхон аймгийн Цагдаагийн газрын Гэр бүлийн хүчирхийллээс урьдчилан сэргийлэх хэлтсийн мэргэжилтэн Ц.Ганчимэгтэй ярилцлаа.

-2020 онд Орхон аймагт хүчирхийллийн гэмт хэрэг өнгөрсөн оноос буурсан уу? Нийгэмд энэ төрлийн гэмт хэрэг өсөх хандлагатай байгааг бичиж байна,

-Гэр бүлийн хүчирхийллийн тухай хууль зөрчиж гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн зөрчил хуучин онд \2019 онд\ 14 байсан. Энэ онд \2020 онд\ мөн ялгаагүй 14 гэмт хэрэг бүртгэгдэн шалгагдаж байна. Гэр бүлийн хүчирхийллийн улмаас 222  зөрчил гарсанаас 179 нь шийдвэрлэгдсэн.

-Хүчирхийллийн хохирогчид ихэвчлэн хүүхэд, эмэгтэйчүүд, зарим үед эрчүүд ч өртөх болсон гэж байна. Тэдэнд төрөөс ямар тусламж үзүүлдэг вэ?

-Гэр бүлийн хүчирхийллийн улмаас насанд хүрээгүй хүүхэд, эмэгтэйчүүд хүчирхийллийн хохирогч болдог. Мөн эрэгтэйчүүд гэр бүлийн хохирогч болдог тохиолдлууд байдаг. Хүүхдүүд дам хохирогчоор оролцож ирдэг. Дам хохирогчоор оролцсон хүүхдүүдийг Гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн газрын хүүхдийн улсын байцаагч, манай Цагдаагийн газрын Гэр бүл хүүхдийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх хэлтсийн мэргэжилтэн, холбогдох байгууллагын ажилтнууд хамтран холбон зуучлах ажлыг хийгээд, тухайн хүүхэддээ сэтгэл зүйн болоод эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлж байна.

-Хүчирхийлэлийн хохирогч нарыг хамгаалах байр манай аймагт байхгүй. Одоогоор хамгаалах байрыг түр байраар хангаж байгаа нь хуулийн заалтад хэр нийцэж байгаа вэ?

-Манай Орхон аймагт 24 хамтарсан баг ажиллаж байгаа. Үүнээс тухайн баг дээр гарч байгаа гэр бүлийн хүчирхийллийн дуудлагын мэдээлэл дээр Цагдаагийн байгууллагатай хамтраад, хамтарсан багууд ажиллаж байгаа.

Гэр бүлийн хүчирхийллийн улмаас аюулын зэрэг өндөр, нөхцөл байдал өндөр гарсан тохиолдолд хамгаалах байранд бид хүлээлгэн өгч байгаа. Энэ дээр нэмээд  тухайн байгууллагууд тухайн хохирогчид тохирсон ямар үйлчилгээ хэрэгцээ шаардлагатай байна. Тэр үйлчилгээнүүдийг үзүүлээд явж байгаа. Хамгаалах байрны тухайд манайх Гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн газрын дэргэд аймгийн Хууль эрх зүйн хэлтсээс тодорхой байрыг гаргаж тохижуулаад тусламж үйлчилгээ үзүүлээд явж байгаа. Тухайн байрыг 2020 оны гуравдугаар сараас ажиллуулж эхэлсэн. Өнөөдрийн байдлаар 24 иргэнийг хүлээж аваад үйлчилгээнүүдээ үзүүлсэн байгаа.

-Гэр бүл доторх хүчирхийллээс хамгийн их хохирогч нь хүүхэд, эмэгтэйчүүд болдог. Хүүхдийг хамгаалах байранд авахад хэр эрсдэлтэй вэ?

-Манайх стандартын шаардлага хангасан байртай болчихоогүй байгаа учраас тухайн байрандаа аль болох 24 цаг үйлчилгээ үзүүлээд хоёр байгууллагууд Засаг даргын албатайгаа хамтраад ажиллаж байна. Хэний оролцоо яг тухайн үед хэрэгтэй байна. Үүн дээрээ холбон зуучлаад 24 цагаар Хүүхэд залуучуудын хөгжлийн газрын мэргэжилтэн, хуулийн ажилтнууд маань хүүхдүүдээ тусгаарлах байранд хүлээж аваад явж байна.

-Гэр бүлийн хүчирхийлэгчид дахин давтан зөрчил гаргах, улмаар гэмт хэрэгтэн болтолоо явсаар байгаа жишээ олон. Эднийг нийгэмшүүлэх, урьдчилан сэргийлэх ажлыг төрөөс хийгээд л байдаг. Үр дүн хэр гардаг вэ?

-Урьдчилан сэргийлэх ажил бол мэдээж чухал. Урьдчилан сэргийлэх ажлыг гэмт хэрэг гарахаас өмнө, зөрчил гарахаас өмнө хамтарсан багуудтайгаа нийлээд баг, баг дээр нь нөлөөллийн ажлуудыг хийдэг. Эндээс бид ямар ажлыг чухалчилж байна вэ гэхээр, Цагдаагийн байгууллага маань өөрөө хүчирхийлэгч нар луу хандсан зан үйлд нь нөлөөлөх сургалт, тухайн хүчирхийлэгчийг нийгэмшүүлэх, дахин гэмт хэрэгт өртөхөөс, холбогдохгүй байх талаас нь, гэр бүлтэйгээ эргэн нэгдэх сургалт, соён гэгээрүүлэх сургалтуудыг зохион байгуулж байна. Хохирогчийн тухайд бол Гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн газар тухайн хохирогч болон эмэгтэйчүүдэд чиглэсэн зан үйлд нөлөөлөх сургалт болон хууль зүйн зөвлөгөө, сургалтуудаа зохион байгуулаад явж байгаа. Үүний хажуугаар Төрийн бус байгууллагуудтай хамтарч ажилладаг. Манай дээр гэр бүлийн хүчирхийллийн чиглэлээр “Хос холбоо”, “Аминчхан яриа”, “Хүүхдийн инээмсэглэлтэй аав” гээд хэд хэдэн Төрийн бус байгууллагууд ажилладаг. Эд нар маань долоо хоногтоо, сардаа, улиралдаа бидэнтэй хамтраад хүчирхийлэгч нар руу чиглэсэн ажлуудыг зохион байгуулаад явж байна.

Ярилцсан: М.МӨНХЦЭЦЭГ