Нутгийн удирдлагын ордонг 164 сая төгрөгөөр “гоё болгоно”, дээр нь нэмээд...
Мэдээ мэдээлэл 5 сарын өмнө     1006    0

 2021 оны Ерөнхийлөгчийн сонгуулиас өмнө монголчууд вакцины бараа харахгүй нь тодорхой болсон. Тэгэхлээр коронатайгаа хамт л амьдарна гэсэн үг. Ийм байхад манай дарга нар 2021 онд бүтээн байгуулалт, хөрөнгө оруулалт нэрээр маш их мөнгө зарах гэж байна.

Гэтэл амьдрал дээр гэр хорооллын иргэд нь өдрийн хоол, үмх талхаа, түлээ нүүрсээ авах мөнгөгүй, орлогогүй байгааг дарга нар ердөө ойлгохгүй сууна. Тэд бүтээн байгуулалтын ажил хийхэд 10-30 хүн ажилладаг, тэд орлогтой, ажилтай болж байна хэмээн тайлбарладаг. Гэтэл Эрдэнэт хотод Орхон аймагт 100 гаруй мянган хүн амьдарч байгаа.

Хамгийн сүүлд л гэхэд дарга нар “гоё байшинд” суухгүй бол болохгүй байгаа гэнэ. Ирэх жил Нутгийн удирдлагын ордон /Захиргааны нэгдүгээр байр ч гэдэг/-оо 164 сая төгрөгөөр засах гэж мөнгө суулгажээ. Бараг энэ ажлыг авах компанийн нэр ч Нутгийн удирдлагын ордны хоёр давхарт яригдаж байгаа дуулдана. Бас болоогүй, засвар хийсэн сайхан байшиндаа тавилга, эд хогшил худалдан авахад зориулж 49 сая 900 мянган төгрөг баталсан байна. Дарга нар үнэхээр аархаж байна шүү.

Дээр нь нэмээд

*** Төрийн албан хаагчийн гүрцэтгэлийн төлөвлөгөө, түүнийг дүгнэхтэй холбоотой прогоамм шинээр хийж И оффис системд холбоход 65 сая төгрөг

*** Бэлэг, дурсгалын зүйл  худалдан авахад -150 сая төгрөг

*** Төрийн албан хаагчдыг эрүүл мэндийн үзлэгт хамруулахад -50 сая төгрөг

*** Гадаадын хөрөнгө оруулалттай төсөл, хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд шаардагдах зардалд 100 сая төгрөг

Нийт хагас тэрбум илүү буюу 578 сая 514 мянга 600 төгрөг зарцуулахаар болжээ.

Манай аймагт одоогоор гадаадын хөрөнгө оруулалтай 9 сая еврогийн хог боловсруулах үйлдвэр, Үерийн далангийн 14 тэрбум төгрөгийн төсөл гээд хуруу дарам хэдхэн ажил байгаа. Түүнд зориулж гадна, дотноос төлөөлөгч ирвэл хоол ундны зардалд гаргах гэж байгаа бололтой. Өнөөх гадныхан нь ирэхдээ корона тээгээд ирэхгүй бол өнгөрч гэж л залбирахаас, эрдэнэтчүүд. Дээр нь жил бүр төрийн албан хаагчдыг эрүүл мэндийн үзлэгт хамруулахад 50 сая төгрөг зарцуулдаг. “Эмч” дэд хөтөлбөрийн хүрээнд төрийн албан хаагчдыг эрүүл мэндийн үзлэг, оношлогоонд үнэгүй хамруулна. Төрийнхөн үнэхээр жаргалтай юм байна. Эрдэнэт хотын жирийн иргэн, Жаргалант сумын малчин эрүүл мэндийн үзлэгт орвол даатгалынхаа 2 сая төгрөгөөс зарцуулна. Илүү мөнгө гарвал хэтэвчээ ухна. Төр ингэж иргэдээ төрийн албан хаагч, төрийн бус албан хаагч гэж ялгаварлан гадуурхана.  Өнөөх төрийн албан хаагчид нь үнэ төлбөргүй үзлэгтээ хамрагдахгүй үнэд орно. Эмнэлэг рүү үзлэгт явахад унаа машин гаргаж өг гээд гэдийнэ. Энэ талаар “Медипас эмнэлэг”-ийн эмч н.Цэрэнтогтох  аргаа барахдаа аймгийн Засаг даргын шуурхай дээр “Төрийн албан хаагчид, багш, эмч нараа үнэгүй хийгдэж байгаа үзлэг, оношлогоонд бүрэн хамруулаад өгөөч ээ. Аймгийн Засаг дарга аа, энэ асуудалд анхаараа хандуулж өгнө үү. Төрийн албан хаагчид хуваарьт өдрөө үзлэгт орохгүй юм. Яах вэ” хэмээн шогширч суусан. Энэ бол үнэхээр өнөөгийн эмгэнэл.

Манай аймгийн хувьд ирэх 2021 онд 589 сая төгрөгөөр 10 гаруй машин авч уначихаад, суудаг байшингаа 164 саяар тохижуулаад, 49 сая төгрөгөөр шинэ ширээ сандал авч тавьчихаад, 50 сая төгрөгөөр эмнэлэгийн үнэгүй үзлэгт ороод баяр ёслолын үеэр 150 сая төгрөгөөр бэлэг дурсгал тараасан шигээ 2021 оныг дуусгах юм байна. Бүр сүүлдээ аймгийн ЗДТГ төрийн албан хаагчдынхаа хийсэн ажлыг дүгнэж чадахгүй компьютерээр дүгнүүлэхэд 65 сая төгрөг зарцуулах нь.   

Төрийн мөнгө гэж байдаггүй. Татвар төлөгчдийн мөнгө л гэж бий хэмээн УИХ-ын гишүүн Ж.Ганбаатар чуулганы индэр дээрээс хэлж байсан. Манай дарга нар татвар төлөгчдийн мөнгийг “Дарга нарын мөнгө” гэж боддог бололтой.