Эрдэнэт үйлдвэр УОК-ын шийдвэрийг хэрэгжүүлэн ажиллаж байна
Уул уурхай 6 сарын өмнө     205    0

  Коронавируст цар тахлын халдвар манай улсад илэрсэнтэй холбогдуулан Улсын Онцгой комиссоос орон даяар Гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн шийдвэрийг “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ хэрэгжүүлэн, ажлын төлөвлөгөө гарган ажиллаж байна.

Улсын болон Орхон аймгийн Онцгой комиссын шийдвэр, хорио цээрийн дэглэмийн хугацаанд үйлдвэрийн цех нэгжүүдэд нэг бүрийн хамгаалах хэрэгсэл, халдваргүйжүүлэх ариутгалын уусмалын нөхөн хангалт хийх, Шалган нэвтрүүлэх 1, 2, 3-р постууд, Ерөнхий захиргааны 1, 2-р байруудын жижүүрийн постуудад амны хаалтгүй гаднын хүн, ажилчдыг нэвтрүүлэхгүй байх, хариуцлагатай жижүүр ажиллуулах, үйлдвэрийн бүс, объектод гаднын хүн, тээврийн хэрэгсэл нэвтрэхийг хориглох, үйлдвэрлэлийн найдвартай ажиллагааг хангах үүднээс шуурхай баг бэлэн байлгах, шаардлагатай тоног төхөөрөмжийн нөөцийг бэлтгэх зэрэг зохион байгуулалтын арга хэмжээ авч ажиллаж байна.

     Мөн үйлдвэрийн харьяаны Спорт цогцолбор, Соёл, урлагийн цогцолбор, “Эрдэнэт цогцолбор” дээд сургууль, Орос 19-р сургууль, Орос 6-р цэцэрлэг, “Сэлэнгэ” амралт, аялал жуулчлалын цогцолбор зэрэг цех нэгжийн үйл ажиллагааг бүрэн зогсоолоо.  Үйлдвэрийн бүс болон шалган нэвтрүүлэх постууд, Ерөнхий захиргааны байруудад ажилчдын биеийн халууныг тогтмол үзэх, амны хаалтын хэрэглээг хянах, ажилчид тээвэрлэдэг автобуснуудад ариутгал, халдваргүйтгэл, цэвэрлэгээг тогтмол хийх, тусгаарлалтын байр бэлтгэх зэрэг үүрэг даалгаврыг холбогдох хэлтсийн удирдлага, албаны хүмүүст өгсөн байна. Түүнчлэн телевиз, олон нийтийн мэдээллийн хэрэгслээр коронавирусээс урьдчилан сэргийлэх мэдээ, видео сурталчилгааг хүргэж, цар тахалтай холбоотой худал ташаа мэдээлэлд хяналт тавьж ажиллахыг чиглэлийн удирдах ажилтнуудад “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Гамшгаас хамгаалах штабаас үүрэг болголоо.  

М.Балжинням
Фото: Б.Баттөгс