Хамгийн их осол гардаг газрууд
Нийгэм, Улс төр 5 жилийн өмнө     59    0
Улсын хэмжээнд зарим газруудад авто зам, замын байгууламжуудын ашиглалтын байдал жолооч, тээвэрчид төдийгүй иргэдийн хэвийн зорчих нөхцлийг хангаагүйгээс осол  их гарч байна. Мөн урин дулааны цаг ирж иргэд амралт, рашаан сувилалд явж байгаа тул Мэргэжлийн байгууллагаас гаргасан хамгийн их осол, аваар гардаг газар нутаг, зам давааны талаарх мэдээллийг анхааруулга болгох үүднээс уншигчиддаа хүргэж байна. Үүнд Баянхонгор-Арвайхээр чиглэлийн замын Өлзийт сумын Цагаан хөтөлийн замын уруу, огцом эргэлттэй газарт 2010 оноос хойш 34 осол гарч 11 хүн нас баржээ. Мөн Сэлэнгэ аймгийн Шаамар-Зэлтэр чиглэлийн замд засвар арчлалт тогтмол хийдэггүй, том оврын тээврийн хэрэгсэл хурд хэтрүүлэн зорчсоноос 2013 онд 7 осол гарсан. Ерөө голын 153 у/м, Түнхэлийн 134.5 у/м модон гүүрэнд их засвар хийгдээгүйгээс хэвийн зорчих нөхцөл алдагдаж байна. Өмнөговь аймгийн Гашуун сухайт-Шивээ хүрэн боомтын чиглэлийн зам зориулалтын бус, тоосжилт ихтэй, үзэгдэх орчин муу, хурд хэтрүүлснээс 2013 он, 2014 оны 4 сарын байдлаар 19 осол бүртгэгдсэн. Өнгөрсөн жилд Төв аймгийн нутаг дэвсгэр дэх замд 324 осол бүртгэгдсэн. Мөнгөнморьт, Батсүмбэр, Алтанбулаг сумын нутаг дахь модон гүүрүүд эвдэрч тээврийн хэрэгсэл хэвийн зорчих нөхцөл алдагджээ. Улаанбаатар-Дархан-Сүхбаатар-Алтанбулаг чиглэлийн замд 10 гаруй жил их засвар хийгдээгүйгээс ихэнх хэсэгт эвдрэл гарч шаардлага хангахгүй болсон. Улаанбаатар-Зуунмод чиглэлийн зам 1983 онд ашиглалтанд орсноос хойш их засвар хийгээгүй, тээврийн хэрэгслийн овор хэмжээ, тоо нэмэгдэж байгаа. Энэ замд он гарсаар 9 осол гарч таван хүн нас барсан. Чойр-Сайншанд-Замын-Үүд чиглэлийн замын туслах замаас төв зам руу орох үзэгдэх орчин хязгаарлагдмал, шулуун замд хурд хэтрүүлснээс осол гардаг. Түүнчлэн Замын-Үүд-Улсын хил чиглэлийн замд 2013, 2014 онд 77 осол бүртгэгдсэн. Булган аймгийн Гурванбулаг сумын орчимд үерийн улмаас замын далан сэтэрч машин онхолдон 1 хүн нас барсан. Хөшөөт-Ярант чиглэлийн зам, Жаргалант сумын Талын хашааны гудамжны замд зургаан осол гарч 8 хүн нас барсан хэрэг бүртгэгдсэн байна.. Дөргөн сумын Чоно харайх голын модон 46,8 у/м гүүрийн тулгуур, зорчих хэсэг эвдэрсэн учир хөдөлгөөнийг хориглосон байна. Өвөрхангай аймгийн Арвайхээрээс Улаанбаатар-Баянхонгор, Хархориноос Хужирт-Цэцэрлэг-Өгийн нуур чиглэлийн замын үзэгдэх орчин хангалтгүй, огцом эргэлттэй, огцом өгсөх, уруудах хэсэгтэй, 4 замын уулзвар зэрэг газарт 2013 оноос хойш 79 осол бүртгэгдсэн аж. .Мөрөн-Хатгал чиглэлийн замд 2013 онд үерийн улмаас 500м орчим  хэсэгт хучилт бүрэн эвдэрсэн, 4.5км хэсэгт замын хажуугаар 2м гүнтэй гуу жалга үүссэн. Увс аймгийн Улаангом-Хандгайт чиглэлийн замын уруу хэсэгт өндөр далантай, огцом эргэлт тойрог ихтэй, өгсүүр, эгц уруу газарт хурд хэтрүүлснээс осол гарч байна. Чингис хаан-Чойбалсан, Чойбалсан-Баяндун чиглэлийн замд зургаан осол гарснаас гадна Хэрлэн голын модон гүүр байнга эвдэрдэг. Өлгийгээс Ховд чиглэлийн замын Бураатын даваа, Цагааннуур чиглэлийн замын Шинэ даваа, Увс чиглэлийн Бугын хөтөл, Даян чиглэлийн замын Ачит булгын даваа зэрэг газарт замын нөхцөл байдал хангалтгүй. Үүнээс болж тээврийн хэрэгслийн хэвийн зорчих нөхцөл алдагдаж байна. Хамгийн сүүлд энэ сарын 13-нд Төв аймгийн Баян сумын Өгөөмөр бригад Сондуул гэдэг газарт автомашины осол гарч долоон хүн амь насаа алдаж, зургаан хүн хүндээр бэртжээ. “Honda Fit” загварын суудлын автомашин “Nissan Wingroud” загварын суудлын автомашинтай мөргөлдсөнөөр ийнхүү долоон хүний амь эрсэдсэн байна. Жолооч, иргэд та бүхэн холын замд явахдаа хурд хэтрүүлэхгүй, согтууруулах ундаа хэрэглэхгүй байх нь өөрийнхөө болон бусдын амь насыг эрсдэлээс хамгаална гэдгийг Мэргэжлийн хяналтын байгууллага анхааруулж байна.
Сэтгэгдэл бичих

500 тэмдэгт

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ErdenetNews.mn хариуцлага хүлээхгүй болно.
Зочдын сэтгэгдэл (0)