“Монголын зэс корпораци”-ийн төлөөллийн Эрдэнэт үйлдвэрт нэвтрэх эрхийг зогсооё
Мэдээ мэдээлэл 3 жилийн өмнө     112    0
“Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн Ахмадын нэгдсэн зөвлөлийн Удирдах зөвлөлөөс тус үйлдвэрийн 49 хувийг  эзэмшсэн гэх “Монголын зэс корпораци”-ын хууль бус үйл ажиллагааны талаар дараахь мэдэгдэл шаардлагыг  гаргасан байна. Та бидний сэтгэл оюунаа хир буртаггүйгээр шингээж өдий зэрэгтэй болгосон үйлдвэрийг маань ёс зүйгүй дээрэмчид булаан авах эхний алхамаа гүйцэлдүүлсэн, тэдний төлөөлөл нь 100 хувь эзэмшигч мэтээр авирлаж байгаа тул тэдний Эрдэнэт үйлдвэрт нэвтрэх эрхийг 2017 оны хоёрдугаар сарын 7-ны өдрөөс зогсоох. “Монголын зэс корпораци” гэх банк санхүүгийн луйварт гаршсан бүлэг хүмүүс “монголын зэс” гэдэг нэрийг эзэмших эрхгүй бөгөөд тэд мөнгө зээлийн өглөг авлагаа Монгол Улсын Засгийн газартай тооцож, үйлдвэрийг барьцаалсан, дээрэмдэж авсан хөрөнгөө Засгийн газарт буцаан төлөх учиртай. Үйлдвэрийн 49 хувийг Монгол улсын Засгийн газар увайгүй дээрмээс хамгаалж үлдэх нь зөв бөгөөд Засгийн газар өөрийн томилсон Ерөнхий захиралтай хатуу гэрээ байгуулж, итгэж ажиллавал зохилтой. Үйлдвэрийн хувьцааны 25-30 хүртэл хувийг үйлдвэрийн ажиллагсад тэдний гэр бүл, эрдэнэтчүүд давуу эрхээр эзэмших нь үйлдвэрийн урт хугацааны хэвийн ажиллагааг хангаж, материалын болон хүний шахаанаас ангид байх эрүүл орчин бүрдүүлэхэд хамгийн тохиромжтой хувилбар мөн. Эдгээр асуудлыг үйлдвэрийн нийт хамт олны санал болгож Монгол улсын Засгийн газар, УИХ-д яаралтай хүргүүлж шийдвэрлүүлэх нь зүйтэй байна. Эрдэнэт үйлдвэрийг залуу насандаа улаан гараараа босгож, бүтээн байгуулсан ахмадууд “Монголын зэс корпораци”-ын төлөөлөл гэгдэх банк санхүүгийн луйварт гаршсан 49 хувь эзэмшигчдээс үйлдвэрээ аварч үлдье. Тэд үйлдвэрийн эрх мэдлийг 100 хувь эзэмшигч мэтээр аашилж, дураараа авирлаж буйг эсэргүүцэн энэхүү мэдэгдлийг иргэдэд хандан гаргажээ. Удахгүй УИХ-ын нэгдсэн чуулган дээр үйлдвэрийн 49 хувийг төр буцаан авах асуудлыг хэлэлцэх гэж буй энэ цаг мөчид үйлдвэрийн ахмадууд дуу хоолойгоо олон нийтэд хүргэх ажлыг шат дараатай хийж байгаа нь энэхүү мэдэгдэл юм байна.