Биеийн тамир, спортын газар шилжин явах цомын эзэн боллоо
Мэдээ, мэдээлэл 3 жилийн өмнө     85    0
Өнгөрөгч амралтын өдрүүдэд Төрийн байгууллагуудын аварга шалгаруулах аймгийн Засаг даргын нэрэмжит шилжин явах цомын төлөөх гар бөмбөгийн тэмцээн болж өнгөрлөө. 12 дахь жилдээ уламжлал болон явагдаж буй уг тэмцээнд 28 байгууллагын 41 багийн 330 орчим тамирчин оролцож хурд, хүчээ сорилоо. Үүнээс эмэгтэйчүүдийн төрөлд 19, эрэгтэйчүүдийн ангилалд 22 баг өрсөлдсөн юм. Хоёр өдрийн турш үргэлжилсэн тэмцээний дүн гарахад эрэгтэйчүүдийн ангилалд аймгийн Онцгой байдлын газрын баг тамирчид алтан медаль хүртлээ. Мөн хоёрдугаар байранд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар, гуравдугаар байранд аймгийн Засаг даргын тамгын газрын баг тамирчид шалгарсан юм. Хүрэл медаль хүртсэн АЗДТГ-ын баг тамирчдыг Засаг дарга Д.Батлут ахалж, бүрэлдэхүүнд нь Дэд бүтэц, хот байгуулалтын асуудал эрхэлсэн орлогч С.Батжаргал багтаж төрийн байгууллагын ажилтнуудтай гар бөмбөгөөр өрсөлдсөн нь онцлог байлаа. Тэгвэл эмэгтэйчүүдийн төрөлд БОЭТ-ийн баг тамирчид аваргалж Биеийн тамир, спортын газрын баг удаалсан бол Цагдаагийн газрын баг тамирчид гуравдугаар байрыг эзэллээ.             Мөн эрэгтэй, эмэгтэй багийн нийлбэр дүнгээр нийт байгууллагуудыг тэргүүлсэн Биеийн тамир, спортын газар аймгийн Засаг даргын нэрэмжит шилжин явах цомын эзэн боллоо. Түүнчлэн тэмцээний туршид багаа тэргүүлж шилдэг тоглолт үзүүлсэн ОБГ-ын тамирчин Б.Батсайхан болон Баян-Өндөр сумын ЗДТГ-ын тамирчин Т.Дуламсүрэн нар тэмцээний “Тэгш тоглогч”-оор нэрлэгдсэнээр 12 дахь жилдээ уламжлал болон явагдаж буй Засаг даргын нэрэмжит шилжин явах цомын төлөөх тэмцээн өндөрлөлөө.  Эх сурвалж: Erdenet.mn [sgmb id="1"]