Умайн хүзүүний хорт хавдрын эрт илрүүлэг тааруу байна
Мэдээ, мэдээлэл 3 жилийн өмнө     90    0
Засгийн газрын 2001 оны 224 тоот тогтоолын дагуу жил бүрийн арваннэгдүгээр сарын эхний 14 хоногт “Хавдартай тэмцэх 14 хоногийн аян”-ыг зохион байгуулж ирсэн. Энэ жилийн аяны хүрээнд “Хөх, умайн хүзүүний хорт хаврын эрт илрүүлэг үзлэгийг эрчимжүүлье” уриан дор зохион байгуулж байна. Манай оронд жилд 5000 гаруй хорт хавдар бүртгэгдэж байгаагийн 75 хувь нь хожуу буюу хорт хавдар өвчний 3,4 дүгээр шатандаа оношлогдож байна. Умайн хүзүүний хорт хавдар эмэгтэй хүйстэнд зонхилон тохиолдох хорт хавдрын дотор хоёрдугаар байрт эрэмблэгддэг. Өнгөрсөн оны байдлаар умайн хүзүүний хорт хавдар 50 гаруй хувь нь хожуу үе шатандаа оношлогджээ. Бусад аймгуудын дунджаар хөх, умайн хүзүүний өвчлөлийн эрт илрүүлгийн үзлэг 44,4 хувьтай байна. Харин манай аймгийн хувьд уг үзүүлэлт 24,8 хувьтай байгаа нь анхаарал татаж байна. Иймд хөх, умайн хүзүүний хорт хавдрын эрсдэлт хүчин зүйлсээс сэргийлэх, хавдрыг эрт үед нь илрүүлж, эмчлэх боломж болон эрт илрүүлэг үзлэгийн ач холбогдлын талаар иргэдэд мэдээлэл, сурталчилгааны ажил зохион байгуулж, тэдний оролцоо, санаачлагыг нэмэгдүүлэх нь чухал байна. Хөх умайн хүзүүний хавдрын эрт илрүүлэг үзлэг шинэжилгээг гурван жилийн мөчлөгөөр өрхийн эрүүл мэндийн төвүүдээр хийдэг. Иргэдийн хувьд 30-60 насны хооронд, 30, 33, 36 гэсэн гурван жилийн давтамжтайгаар үзлэгт орохыг эрүүл мэндийн байгууллагаас зөвлөж байна.