Хятадын компаниудын балгас болгосон 7-р хороолол
Хотын амьдрал 5 жилийн өмнө     54    0
Хаврын урь ороход хэн хүнгүй л ирэх өвлийг өнтэй давахаа бодож, байр сууцаа яажшуухан сайжруулах билээ гэж сэтгэл зовнидог нь хүний амьдралын жам. Яг л хулгана хөеөгөө цуглуулж, үр төлөө онд оруулдагтай адил. Эрдэнэт хотод хаа л бол хаана инженерийн шугам сүлжээ хулгайлчихаар газар олдвол хэн дуртай нь олон давхар орон сууцны барилга барьж, хүн харахад бүтээн байгуулалт өрнөөд байх шиг. Гэтэл энэ олон барилга дээр хяналт тавьж, иргэдээ чанартай барилга байшингаар хангах үүрэг хүлээж, тэдний халаасны хэднээс хумсалж амьдардаг төрийн албаны хяналт хангалтгүй байна. Тийм болохоор Орхон аймгийн Мэргэжлийн хяналтын газар Азхүү гэдэг азтай ганц барилгын хяналтын улсын байцаагчтай, Газрын харилцаа хот байгуулалтын газрын дэргэд байгуулсан барилгын материалын сорил шинжилгээний лаборатори нь хоёрхон ажилтантай. Дээр нь уг лаборатори шинжилгээ, үнэлгээ хийх эрхгүй. Иргэд шинээр ашиглалтанд орсон барилгуудын гоё нэр, сайхан сурталчилгаанд нь хууртаад банкны олон жилийн хүүтэй зээл аваад орчихдог. Харин орсон хойноо чанарыг нь шүүмжлэх нь энгийн үзэгдэл мэт болсон. Хүний насны хязгаартай нэртэй хорооллын барилгын ханыг хөрш айлын нөхөр нь архины шилээ шидтэл нөгөө айл руу нэвт орсон тухай яриа гарчээ. Ойн модтой холбоо бүхий нэртэй хорооллын барилгын сантехникийн эд анги нь хачин хэврэг муу хэрэгслээр хийснийг засварчид гайхаж шогшрон, байр худалдаж авсан иргэдийг загнаж яваа сурагтай. Дээд давхрын айлуудын усны хүрэлцээ муугаас тарвага болохоос наагуур сууцгаадаг аж. Засгийн газраас орон сууцны хөтөлбөр гаргаж, барилгын компаниудыг дэмжиж, иргэдэд 8 хувийн хүүтэй зээл олгож байгаа нь барилгын салбарын хөгжлийг хурдасгагч гол хөшүүрэг болсон нь лавтай. Мөн өнгөрсөн долоо хоногт иргэдэд амины сууц буюу хаус, пентхаус барихад нь банкнаас 7 хувийн хүүтэй зээл олгохоор шийдвэрлэлээ. Бүтээн байгуулалтын их түүчээ төрөлх хотод минь нүргэлж буй энэ үед манай сонин “Бүтээн байгуулалт-Барилгын чанар” булан нээж, барилга, орон сууцны үйлдвэрлэлийн талаар асуудал дэвшүүлсэн нийтлэл, мэдээ мэдээллийг уншигчиддаа хүргэж байхаар болж байна. Орхон аймгийн үе үеийн Засаг даргаар ажиллаж байсан эрхмүүд нэрээ үлдээсэн томоохон бүтээн байгуулалт өрнүүлж байсан ч тэдгээрийн ихэнх нь балгас болсон гашуун түүхийг бид харж байна. Үүний нэг нь аймгийн Засаг дарга асан Г.Шархүү 2006 оны 11 дүгээр сард Хятадын 100 хувийн хөрөнгө оруулалттай “Хуанлу хуантун” ХХК-нд 7-р хорооллын 21 га газрыг эзэмших эрхийн гэрчилгээ гарган, 2007-2009 оны хооронд 2500 айлын орон сууц бүхий хороолол барих эрх олгосон. Гадны компанид газраа найр тавьж өгөөд зогсохгүй, дээрх хорооллын инженерийн шугам сүлжээг “Эрдэнэт үйлдвэр” ХХК-иар хариуцуулан хийлгэхээр Г.Шархүү дарга захирамж гаргажээ. Гэсэн ч гэрээнд заасан хугацаандаа 2500 айлын орон сууц барих нь байтугай, “Хуанлу хуантун” компани нэг ширхэг ч барилга босгох хөрөнгөгүй болох нь нотлогджээ. Иймээс ӨвөрМонголын өөртөө засах орны “Жинлэюуан” хэмээх даатгалын үйлчилгээ эрхэлдэг компаниас хөрөнгө мөнгө зээлдэн, найман барилгын суурийг тавьж, барилгын ажлаа эхлүүлсэн байдаг. Засаг дарга асан Г.Шархүү ямар үндэслэл, судалгаагаар “Хуанлу хуантун” компанийг сонгож, бүхэл бүтэн хорооллын газраа өгсөн нь өнөөдөр хардлага төрүүлэхээр байгаа юм. Засаг ноён авлига авсан байх ч магадлалтай. Хоёр жилийн хугацаанд хороолол барихаар гэрээлсэн ч амлалтаа биелүүлээгүй учир 2007 онд газрын ашиглах эрхийг нэг жилээр сунгасан. Харин 2009 оноос хойш дахин нэмж сунгаагүй байна. Аймгийн Засаг дарга асан Д.Оюунбат хоёр удаа захирамж гаргаж, эрхийг нь цуцалсан. Хамгийн сүүлд одоогийн Засаг дарга Г.Зоригт “Хуанлу хунатун” ХХК-д газар ашиглах эрх олгосон Г.Шархүүгийн захирамжийг эрх зүйн чадамжгүй, дахин сунгах шаардлагагүй гэж үзсэн байна. Үүнтэй санал нийлээгүй Хятадын компани дээрх захирамжуудыг хүчингүй болгуулахаар шүүхэд ханджээ. Газраа сэндийчүүлж, дээр нь чанаргүй барилга бариулсныхаа дараа Орхон аймгийг Хятадын компани шүүхэд дуудсан байна. Захиргааны хэргийн анхан шатны шүүх хурлаас үлдсэн 18 га газрыг нь Орхон аймгийн мэдэлд үлдээжээ. Энэ шийдвэрийг Улсын дээд шүүх ч мөн гаргасан байна. Ийнхүү Г.Шархүү даргын балгаар бараг л үүргэвчтэй хоёр хятадад Эрдэнэтийнхэн хулхидуулж, өнөөдөр хотын төвийнхөө 21 га газрыг балгас болгуулжээ. Найман жил өнгөрөхөд найман байр барисан нь чанарын хувьд хамгийн муу материалаар барьсан, сантехникийн эд анги нь хаа хаагуураа тас үсэрч хагарсан, хана нь нимгэн зэрэг хэцүүхэн түүхтэй гэж яригддаг барилга гадуураа улаан эрээн “дээл” нөмөрч, зүсээ хувилгасан ч үнэн дүр төрхийг нь Эрдэнэтчүүд андахгүй болов уу. Өвөр Монголын “Жинлэюуан” ХХК-иас мөнгө зээлдэж, найман барилга босгосон учир эдний охин компани болох “Хөүп таун” ХХК-д өрөндөө дөрвөн байрыг нь өгсөн. “Хөүп таун”-ынхан дөрвөн байраа борлуулахаар Маркетингийн баг ажиллуулж байна.  Чанаргүй барилгын хохирогч болохгүйн тулд төрөөс хяналтаа сайжруулахыг шаардах эрх жирийн иргэн танд бий.
Сэтгэгдэл бичих

500 тэмдэгт

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ErdenetNews.mn хариуцлага хүлээхгүй болно.
Зочдын сэтгэгдэл (0)