Прокурорын байгууллага залхаан цээрлүүлэгч газар уу
Онцлох мэдээ 5 жилийн өмнө     52    0
Орхон аймгийн Прокурорын газраар үйлчлүүлсэн хүмүүс төрийн байгууллагын хүнд суртлыг бие сэтгэлээрээ мэдрээд гарч байна гэхэд болно. Учир нь тус байгууллага дотор үйлчлүүлэгчдэд зориулсан ганц ширхэг ч хүлээлгийн сандалгүй. Сүр хүчээ иргэдэд үзүүлж, дахин энэ газраар шагайлгахгүй гэсэн шиг прокуроруудтай уулзахаар очсон хүмүүс шатан дээр эгнэн зогсоцгоох юм. Хонгилд зогсохоор, гадны хүмүүс үүдэнд хүлээ гэж даргынхаа тушаалаар жижүүр нь эг маггүй хөөдөг. Ийм дүр төрхтэй төрийн байгууллагад ажиллаж байгаа прокурорууд энгийн нэг зах дээр наймаа хийж байгаа панзчин мэт хувцаслах юм. Эмэгтэйчүүд нь эрээн даашинзны хормой дэрвүүлэн, тод өнгийн хувцасаар гангарч, эрчүүд нь хайш яайш хувцасласан нь прокурорын байгууллагын нэр хүнд, зангарга Эрдэнэт хотод унасанд харамсмаар. Монгол улсын Ерөнхийлөгчийн гаргасан журмын дагуу тангарга өргөдөг ажилтнуудтай, төрийн нэрийн өмнөөс үйл ажиллагаа явуулдаг, бие даасан хараат бус, шүүх эрх мэдлийг хэрэгжүүлэхэд оролцогч байгууллага билээ. Прокурорууд төр, ард түмнийхээ өмнө тангарага өргөсөн, тусгай дүрэмт хувцастай хүмүүс. Хууль засаглалын нэр хүндтэй энэ байгууллага төрийн байгууллагын иргэдэд хөнгөн шуурхай, хүнд сурталгүй үйлчлэх зарчмаар ажиллах ёстой баймаар. Уншигч та, хуучин Шүүхийн байран дахь Прокурорын газраар орж байсан бол дөрвөн давхар байрны урт шатаар арай гэж алхаж орсныхоо дараа жижүүрийн урдаас харсан шатан дээр хөлөө эцтэл хүлээж байсан байх. Ухаалаг төрийн үндсэн зарчим энэ мэт жижиг үйлчилгээний соёл дээр унасныг Орхон аймгийн Прокурорын газар бидэнд мэдрүүлж байна. Л.Гэрэл
Сэтгэгдэл бичих

500 тэмдэгт

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ErdenetNews.mn хариуцлага хүлээхгүй болно.
Зочдын сэтгэгдэл (0)