Д.Энхбатын суудал дээрээ байх нь эргэлзээтэй болжээ
Онцлох мэдээ 5 жилийн өмнө     99    0
Засгийн газрын хуралдаанаас “Төсвийг хэмнэлтийн горимд шилжүүлэх зарим арга хэмжээний тухай” 147 тоот тогтоолыг өнгөрсөн сарын 10-ны өдөр гаргажээ. Уг тогтоолоор Засгийн газрын тухай хуулийн 30.1 дэх заалтыг үндэслэн бүх шатны төсвийн үр ашигтай, хариуцлагатай байдлыг хангах зорилгоор төрийн байгууллагуудын бүтэц зохион байгуулалтыг оновчтой болгох, чиг үүргийн давхардлыг арилгах, төрийн албан хаагчдын орон тоог бууруулах, зардал хэмнэх чиглэлээр тодорхой үүрэг даалгавруудыг өгчээ. Аймгуудын Засаг даргын Тамгын газартай холбоотойгоор дараахь албан тушаалуудыг цомхтгохыг заасан байна. Тухайлбал, бүх шатны Засаг даргын орлогч, төсөвт байгууллагын дэд дарга, яам, агентлагын газрын орлогч дарга, даргын туслах, төсвөөс цалинждаг зөвлөх зэрэг орон тоог цөөлөх, цомхтгохыг үүрэгджээ. Үүнээс харвал Орхон аймгийн Засаг даргын орлогч Д.Энхбат, Баян-Өндөр сумын Засаг даргын орлогч Г.Алтангэрэл, Жаргалант сумын Засаг даргын орлогч Э.Бөхтулга нарын суудал дээр байх эсэхэд асуудал үүсэв. Засгийн газрын дээрх тогтоолоор Төсвөөс санхүүжилттэй боловч өөрийн орлогоор санхүүжилтийн  тодорхой хэсгээ бүрдүүлдэг  төсвийн байгууллага, улсын үйлдвэрийн газруудыг  аж ахуйн тооцоонд шилжүүлэх  замаар улсын төсвөөс үе шаттайгаар гаргахыг анхааруулсан байна. Мөн“Суудлын автомашины талаар авах зарим арга хэмжээний тухай” Засгийн газрын 2007 оны 349 дүгээр тогтоолоор тогтоосон албан тушаалын болон албан ажлын автомашины хэрэглээний зардлыг 20 хүртэл хувиар хэмнэхийг үүрэгдсэн зэргээр төрийн албан хаагчдын гадаад томилолт, шинээр ажилтан авах зэрэгт хязгаар тогтоосон байна. Ийнхүү Засгийн газраас төрийн байгууллагуудыг төсвийн хэмнэлтийн горимд шилжүүлж, үр ашиггүй зардал, тэмдэглэлт ой, баярыг санхүүжүүлэхгүй байх, албан тушаалтнуудын гадаад томилолтыг бууруулж, бизнес ангиллаар явахгүй байх зэрэг төсвийг хэмнэж болохуйц 20 гаруй заалтыг тодорхой зааж өгсөн байна. Үүнээс харахад, Орхон аймгийн Засаг дарга төсвийг хэмнэлтийн горимд шилжүүлэх талаар зохион байгуулсан ажил, тайлангаа Засгийн газрын Хэрэг эрхлэх газарт ирүүлэхийг дээрх тогтоолд тодорхой заажээ. Аймгийн Засаг дарга Г.Зоригт нэр заасан албан тушаалтнуудыг цомхотгох заалтын дагуу өөрийн орлогч болон сумдын орлогч нарыг албан тушаалаас нь чөлөөлөх ажлаас Засгийн газрын 147 тоот тогтоолыг хэрэгжүүлж эхлэх болов уу гэж иргэд харж байгаа. Засгийн газрын дээрх тогтоол хэрэгжиж эхэлвэл аймгийн Засаг даргын орлогч Д.Энхбат, Баян-Өндөр сумын орлогч Г.Алтангэрэл, Жаргалант сумын Э.Бөхтулга нар орон тооны цомхотголд орсноор төсөвт төдий хэмжээний хэмнэлт үүсэх юм байна.  Л.Гэрэл
Сэтгэгдэл бичих

500 тэмдэгт

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ErdenetNews.mn хариуцлага хүлээхгүй болно.
Зочдын сэтгэгдэл (0)