Дахиад л нэг балгастай үлдэх үү
Онцлох мэдээ 5 жилийн өмнө     25    0
11-14 тэрбум төгрөгийг татвар төлөгчдөөс гаргах уу Аймгийн Нутгийн удирдлагын ордны арын томоохон талбайг “Цэцэрлэгт хүрээлэн” “Соёл амралтын хүрээлэн” хэмээн янз янзаар л нэрлэдэг. Албан ёсны нэр хаягыг нь юу хэмээн нэрлэдгийг аймгийн Өмчийн харилцааны газрынхан л сайн мэдэх байх. Сүүлийн үед Соёл амралтын хүрээлэн гэх энэхүү газар дээр “14 тэрбум төгрөгийн бүтээн байгуулалтын ажил өрнөх гэнэ”, “Голдоо 5 давхар байшинтай нүсэр том бүтээн байгуулалт өрнөнө. Аймгийн төсвөөс 11 тэрбум төгрөг гаргана” гэсэн тэнэмэл мэдээлэл хөвөрч байна. Үүнийг нотлох мэт телевизийн нэгэн сурталчилгааны дүрс цэнхэр дэлгэцээр орой бүр цацагдаж хүмүүсийн тархийг угааж эхэллээ. Нутгийн удирдлагын ордонд ороход л өөдөөс “Ийм бүтээн байгуулалт хийнэ. Тийм сайхан болно. Хандив өргө” гэх нь холгүй шахам сурталчилгаа гарч байхтай таарна. Соёл амралтын хүрээлэнгийн энэ газар дээр бүтээн байгуулалт нэртэй дараагийн нэгэн балгас барих гэсэн санаа аймгийн Иргэдийн хурал хавиас гарчээ. Тэгэхлээр аймгийн ИТХ, Засаг дарга нар татвар төлөгчдийн нуруун дээр 11-14 тэрбум төгрөгийн ачаа үүрүүлэх нь.  Улмаар Хот байгуулалт, барилга захиалагчийн газраас зураг төсвийг нь хийлгэж өнөө маргаашгүй дуусгах гэж байна. Эндээс харвал эрх баригчид эрдэнэтчүүдээр хэлэлцүүлэлгүй, орхончуудаас асуулгүй бас нэгэн балгасыг байгуулахаар шийдсэн бололтой. Өнөөдөр манай дарга нарт гараас гаргасан томоохон бүтээн байгуулалт хийж байсан туршлага байна уу. Харин бүтээн байгуулалт гэхээсээ илүүтэй  Цэнгэлдэх хүрээлэн, бурхан багшийн сэрэг дүр, 7а хороолол гээд нэрлээд байвал балгас хэмээн нэрлэж болох нэлээн урт жагсаалт гарна. Цэнхэр дэлгэцээр гарч байгаа тархи угаасан сурталчилгаанаас харвал 5 давхар нүсэр том барилгын эргэн тойронд 21 аймаг, нийслэлийн өвөрмөц онцлогийг илэрхийлсэн байгууламж бүхий цогцолбор байх гэнэ. Өөрөөр хэлбэл, Булган аймгийнхан Уран тогоо уулаа, Хан хэнтий нутгийнхан их хааны хөшөөгөө энд сүндэрлүүлэх юм байна. Хөрөнгө мөнгийг нь мэдээж улсын төсөвт суулгахын зэрэгцээ Орхон аймаг дахь 21 аймаг, нийслэлийн Нутгийн зөвлөлөөс гаргаснаар бүх асуудал “Ок” болно гэж үзжээ. Тархи угаасан сурталчилгааны агуулга нь ердөө ийм. Цаас, зургаа хараад зарим нэг дарга нар хийх ажлаа аль хэдийнэ төлөвлөж, мөнгөө босгож эхэлсэн бололтой. Тэрхүү 5 давхар том байшин дотор 200 хүний суудалтай кино театр байх гэнэ. Түүнийг нь саарал ордны нэгэн дарга бараг л өөрийн болгоод хувьчлаад авсан сураг ч гарлаа. Бас нэгэн томоохон эрх мэдэл бүхий дарга ресторан, зоогийн газрыг нь хэзээний өөрийн болгоод авчихаж. Арай л Итгэлт баян шиг цээжний хонжоо хийхээс наахнуур юм болж байгаа бололтой. Ямар цэцэрлэгийн хүүхэд шавраар барилга барих гэж байгаа биш дээ гэх сэтгэгдэл ч төрж байна.  Монголын уран сайхны нэгэн кинонд “Яривал ч юм байна аа” гэдэгчлэн Соёл амралтын хүрээлэнгийн энэ том төсөл дээр ярих асуудал бас байна аа. Барилгын ажил эхэлвэл газрын маргаан дагуулж мэдэх нь Соёл амралтын хүрээлэнгийн газрын зарим хэсэг нь хувь хүний нэр дээр байдаг аж. Тэр бүү хэл тодорхой хэмжээний газар “Хаан” банкны 50 сая төгрөгийн барьцаанд байдаг тухай ч өнгөрсөн онд хуралдсан аймгийн Засаг даргын зөвлөлийн хурал дээр яригдаж байлаа. 2000 оны дунд үед аймгийн захиргаанаас Соёл, амралтын хүрээлэн байгуулж усан оргилуур, хүүхдийн тоглоомын талбай гээд багагүй хэмжээний тохижилтын ажил хийсэн. Энэ үеэр тэнд үйлчлүүлэх иргэн, хүүхэд багачуудын ариун цэврийн асуудлыг шийдэхийн тулд тодорхой хэмжээний газарт “боловсон 00” байгуулахаар шийдсэн байна. Энэ үед иргэн н.Эрдэнэчимэг тухайн үеийн аймгийн удирдлага дээр “Хүүхдийн тоглоомын Хөх хулганын орон байгуулна. Газрын асуудлыг шийдэж өгөөч” гэсэн хүсэлт гаргажээ. Хотын төвийн А зэрэглэлийн газар, нөгөөтэйгүүр нийтийн эзэмшлийн газраас иргэн, аж ахуйн нэгж, хувь хүнд эзэмшүүлж болохгүй гэж ярилцсан атлаа нэг их удалгүй “Боловсон 00, Хөх хулганы орон”-ы асуудлыг нэгтгээд иргэн н.Эрдэнэчимэгт тодорхой хэмжээний газар эзэмшүүлжээ. Иргэн н.Эрдэнэчимэг ч эзэмшлийн газраа “Хаан” банкинд 50 сая төгрөгийн барьцаанд тавьсан бололтой. Өнөөдөр Соёл амралтын хүрээлэнгийн газар дээр ямар нэг бүтээн байгуулалт хийх бол иргэн н.Эрдэнэчимэг, “Хаан” банк хоёроос зөвшөөрөл авах ёстой болсон. Энэ талаар бид “Хаан” банкны Орхон салбарын удирдлагаас мэдээлэл хүссэн боловч “Харилцагчийн хувийн нууцтай холбоотой мэдээллийг өгөх боломжгүй” гэдэг үндэслэлээр хариулт өгөөгүй юм. Харин бидний олж авсан мэдээллээр иргэн н.Эрдэнэчимэг нь 1998-2004 оны хооронд Орхон аймаг дахь “Мобиком”-ын салбарын эрхлэгчээр ажиллаж байсан гэнэ. Ийм нэгэн маргаантай, араасаа олон асуудал дагуулж мэдэх газар дээр аймгийн ИТХ, Засаг дарга Г.Зоригт нар ямар учраас 11-14 тэрбум төгрөгөөр бүтээн байгуулалт хийх гээд байгааг ойлгохгүй нь. Хот байгуулалт, барилга захиалагчийн газрын дарга С.Даваасүрэн “Хэдий хэмжээний өртгөөр босохыг нь одоо хэлж мэдэхгүй ч зургаадугаар сарын 5-н гэхэд зураг нь бэлэн болно. Бидэнд аймгийн удирдлагаас зургийг нь хийгээд ир гэсэн үүрэг өгсний дагуу хийж байна. Ийм том бүтээн байгуулалтад их хэмжээний хөрөнгө мөнгө орно” гэж хариу өгч байна. “Зураг нь гараад ирлээ, боломжийн юм байна. Аймгийн төсөвт 14 тэрбум төгрөг суулгая” гээд аймгийн ИТХ-ын олонхи гар өргөн зүтгэвэл хотын төвд А зэрэглэлийн газарт бүтээн байгуулалт нэртэй бас нэгэн балгас сүндэрлэх нь. Түүгээр ч үл барам иргэд өдөр ирэх тутам үнэ нь нэмэгдэж байгаа махныхаа мөнгийг яах вэ гэж байхад дарга нар нэрээ мөнхлөхийн тулд татвар төлөгчдийн нуруун дээр 14 тэрбум төгрөг үүрүүлэх гэж байна бололтой. 14 тэрбум төгрөгөөр Эрдэнэт хотод хэдэн ажлын байр бий болгох боломж байгааг судалж, энэхүү бүтээн байгуулалтын талаар нийтээрээ хэлэлцэхгүй бол нэг л мэдэхэд олонхи ярс хийтэл гар өргөөд татвар төлөгч таны халаасыг тэмтрэх гэж байна. Бид энэ удаад газрын болон өмчийн маргаан дагуулсан уг сэдвээр тухайн үед Орхон аймгийн ИТХ-ын даргаар ажиллаж байсан К.Даулетбайн байр суурийг сонирхсон юм. К.Даулетбай: н.Эрдэнэчимэгийн асуудлыг Г.Шархүү, Г.Зоригт хоёр хамгийн сайн мэднэ -Та 2000-2004 онд аймгийн Засаг даргаар ажиллаж байхдаа Соёл амралтын хүрээлэнгийн газраас иргэн н.Эрдэнэчимэгт эзэмшүүлсэн шийдвэр гаргасан юм биш үү. Одоо тэр газар “Хаан” банкны 50 сая төгрөгийн барьцаанд байгаа гэдэг үнэн үү? -Тэр банкны барьцаанд байгаа гэдэг тухайд анх удаа дуулж байна. Харин н.Эрдэнэчимэг гэдэг хүнд эзэмшүүлсэн гэх тэр газар, Соёл амралтын хүрээлэнгийн түүхийг би сайн мэднэ. Би газар эзэмшүүлэх захирамж гаргаагүй. н.Эрдэнэчимэгт газар эзэмшүүлэх захирамж Г.Шархүүгийн үед гарч байсан. Энэ чинь эзэнтэй үйлдэл. -Тэгээд яагаад тантай холбон яриад байгаа юм бэ. Та ч бас тодорхой хэмжээнд оролцсон юм биш үү? -Ямар шалтгаанаар надтай холбон тайлбарлаад байгааг ойлгохгүй байна. Би түрүүн хэлсэн. Соёл амралтын хүрээлэнгийн түүхийг бол би сайн мэднэ гэж. Харин тэр н.Эрдэнэчимэг гэх эмэгтэйтэй холбоотой газрын асуудлыг миний дараа шийдсэн. Одоо энэ Засаг дарга Г.Зоригт маш сайн мэднэ. Г.Зоригт тэр үед Г.Шархүүгийн орлогч байсан шүү дээ. Дээр нь тухайн үед Хотын захирагчийн албаны дарга байсан н.Баатарчулуун энэ гурав л сайн мэднэ дээ. Одоо болохоор мэдэхгүй гээд байгааг ойлгохгүй байна. -Түүх талаас нь гэхээсээ илүүтэй өмч талаас нь л харж байна. Өнөөдөр тэр газар сөнөсөн ертөнц шиг л байна. Хөрөнгө мөнгө гаргаад ногоон байгууламж байгуулвал иргэдэд л тустай байж? -Тэр үнэн. Тухайн үед Хотын захирагчийн алба, Хот тохижуулах газарт хариуцуулаад ашиглуулах шийдвэр гарч байсан. Гэтэл дээрх нөхдүүд газраас нь бусдад эзэмшүүлж тэр бүү хэл тухайн бүтээн байгуулсан байгууламжийн зэсээр хийсэн зүйлийг нь тонож үгүй хийсэн. Хэн тоносон, хэн үгүй хийснийг нь Г.Зоригт сайн мэдэж байгаа шүү дээ. н.Эрдэнэчимэг гэх эмэгтэйтэй холбоотой тэр газрыг бүр анх нийтийн бие засах газрын зориулалтаар ашиглахаар төлөвлөж байсан. Сүүлдээ байшин бариад доор нь нийтийн бие засах байгуулах ч бил үү өөрчлөгдсөн байсан. Газрын эзэмших гэрчилгээний тухайд бол Засаг дарга Г.Зоригт хамгийн сайн мэдэж байгаа. Газар эзэмших гэрчилгээг олгож байх тэр үед чинь н.Эрдэнэчимэг гэдэг эмэгтэй  Эрдэнэтэд байдаггүй, Улаанбаатарт амьдардаг байсан. Тийм хүнд ямар аргаар эзэмших гэрчилгээ очсоныг Г.Зоригт, н.Баатарчулуун нараас асуу. Тухайн үед энэ ажлын ахлах эдийн засагчаар ажиллаж байсан хүн нь ч одоо аймгийн захиргаанд бий. Түүнээс ч асуусан болно шүү дээ. Харин н.Эрдэнэчимэгийн газар яаж яваад банкинд хүрсэн энэ тэрийг бол би мэдэхгүй. Тэгээд ч банк хоосон газрыг барьцаанд авахгүй байх. Өнгөрсөн цагийн хуучраагүй түүхээс эргэн сөхвөл...               Орхон аймгийн үе үеийн Засаг даргаар ажиллаж байсан эрхмүүд нэрээ мөнхлөхийн тулд энгийнээр яривал иргэдийг хөлдөө чирсэн, хатуухан хэлбэл төсвийн мөнгөөр гараа угаах гэсэн “гажиг” гэмээр сонирхолтой тотолцоо тогтоод байна гэхэд хилсдэхгүй. Үүнийг нь 2004 оноос хойш Эрдэнэт хотноо сүндэрлэсэн их бүтээн байгуулалтаас харж болно. Тухайлбал, 2004-2008 онд Орхон аймгийн Засаг даргаар ажиллахаар Улаанбаатараас чемодантайгаа ирсэн Гаадангийн Шархүү гэдэг Засаг дарга байсан. Өнөөдөр энэ хүний нэрийг эрдэнэтчүүд сайнаар гэхээсээ илүүтэй муугаар дууддаг болсон гэвэл буруудахгүй. Тэрбээр дээрх хугацаанд Хятадын нэгэн компанид 21.4 га газрыг зүгээр л “май” гээд өгчихсөн нь өнөө хэр араасаа хэрүүл, хэл ам дагуулж байгаа. Орхон аймгийн төвд 21.4 га газрыг зүгээр олж авна гэдэг бол угтаа тэр хятадын хувьд ёстой нөгөө “тэнгэрийн умдаг” атгасан хэрэг. Учир мэдэх хүмүүсийн хувьд үүнийг “Гайгүй үнэ хүрсэн газрын наймаа” гэж хэлэх юм билээ. Гэхдээ ямар өнөөдөр өгч авалцаж байсныг нь харсан, үзсэн хүн Эрдэнэтэд  дуулдаагүй. Нэг л өдөр 21.4 га газартай болсон Хятадын компани “Орон сууцны 7а хороолол босгоно, дараагийн хорооллыг бий болгоно” гэсээр 10 дахь жилтэйгээ золгож байгаа. Өнгөрсөн 10 жилийн хугацаанд хагас дутуу ашиглалтад орсон дөрвөн байшин, нэмээд мөн төдий тооны араг яс л үлдсэн. Энэ бүхнийг өнөөдөр эрдэнэтчүүд “Шархүү даргын шавар балгас” гэж нэрлэдэг. Нэг хятадаас нөгөө хятадад шилжсэн 7а хорооллын ашиглалтад орсон гээд байгаа тэр барилгад өнөөдрийн байдлаар тавхан айл амьдардаг гэсэн. Ийм л нэг  эмгэнэлт дүр зураг Эрдэнэтэд өнгөтөөр өрнөсөн. Г.Шархүү даргын өөрийнх нь нэрлэдгээр “их бүтээн байгуулалат” үүгээр дуусаагүй. УИХ-ын гишүүн болох сонирхолдоо хөтлөгдсөн Г.Шархүү дарга Орхончуудын сэтгэл зүйгээр хөөрхөн тоглосон. Тэрбээр энэ удаад “Бурхан багшийн сэрэг дүр бүхий цогцолбор” гэсэн төсөл хийгээд хойд уулын энгэрт бас нэгэн “балгас” сүндэрлүүлсэн. Дутуу дулимаг, хүн хараад арай ч дээ хэмээн дуу алддаг болохоор эрдэнэтчүүд тэрхүү их бүтээн байгуулалтуудыг “балгас” гэж нэрлэж байна. “Бурхан багшийн сэрэг дүр бүхий цогцолбор байгуулна” гэдэг нэрийн дор Г.Шархүү дарга захирамж гаргаж төрийн байгууллагын ажилтан, албан хаагчдын 1-2 өдрийн цалин хандив хөрөнгө цуглуулах их ажлыг өрнүүлсэн. Төрийн албан хаагчид төдийгүй өндөр насны тэтгэвэртээ гарсан ахмадууд, Орхон аймагт үйл ажиллагаа явуулж байгаа томоохон  бизнесийн байгууллагууд, хувийн хэвшлийнхэний өргөсөн нийт хандив нь 83.7 сая төгрөг болсон. Ингээд л эцэст нь “Эрдэнэт үйлдвэр” тодорхой хэмжээний хөрөнгө гаргаж, аймаг орон нутгийн төсөвт суулгаж байж сая нэг ийм хийц хэлбэрийн бурхан багшийн сэрэг дүртэй болсон. Үүнд нийтдээ 4.3 тэрбум төгрөг зарцуулсан гэсэн тооцоог мэргэжлийн байгууллага гаргасан. Ийн атал Бурхан багшийн сэрэг дүр бүхий цогцолбор өнөө хэр бүрэн хэмжээгээр ашиглалтад ороогүй. Цаанадаж гадна дотны ирсэн гийчдийн нүд хужирлах, наанадаж аялал жуулчлалын бэсрэг төв бий болгоход дахиад 4 сая ам.доллар хэрэгтэй гэсэн тооцоог ашиглалтын өмнөх захиргааныхан гаргасан байдаг. Эндээс харвал дахиад 6 тэрбум төгрөг нийтдээ 10 гаруй тэрбум төгрөгөөр босох бурхан багшийн сэрэг дүртэй л хоцорч байх шиг. 7а хороолол, бурхан багшийн сэрэг дүр гэсэн байгууламжууд Г.Шархүү даргын нэртэй сайн муугийн алинаар ч салшгүй холбоотой. Үүнийг сайн мэддэг учраас Г.Шархүү дарга үе үе сэмхэн гэгч нь Эрдэнэт ирээд аймгийн дарга нартай уулзаад морддог гэдгийг одоо захын хүн мэдэх болжээ. Г.Шархүүгийн дараа Орхон аймгийн Засаг даргаар ажилласан Д.Оюунбатын хувьд нэрээ мөнхлөхийн тулд бас нэгэн бүтээн байгуулалтыг 2009 оноос эхлүүлсэн. Энэ нь жилдээ нэг удаа ашиглах цэнгэлдэх хүрээлэн байгуулах төсөл. Монгол улсын гавьяат барилгачин, “Авзага трейд” компанийн захирал П.Мэндбаяраар ахлуулсан барилгачид Эрдэнэтчүүдийг Цэнгэлдэх хүрээлэнтэй болгохоор гурван жил зүтгэсэн. Нийтдээ улс, орон нутгийн төсвөөс 4.2 тэрбум төгрөг зарцуулаад чанартай цэнгэлдэх хүрээлэнтэй болж чадаагүй. Бүр сүүлдээ П.Мэндбаяр, Засаг дарга Д.Оюунбат хоёрын хоорондын авцаа өгцөө төрийн ажлыг нэг хэсэгтээ уясан гэдэг. Аргагүйн эрхэнд “ГОК” түүхт 35 жилийнхээ ойг тэмдэглэхийн тулд дахин 100 гаруй сая төгрөгөөр засварын ажил хийж байж сая нэг хагас дутуу ашиглалтад хүлээн авсан. Үе үеийн Засаг дарга нарын их бүтээн байгуулалт буюу “балгас” нэртэй ажлууд Эрдэнэтийн хөгжилд нэмэр болохоосоо нэрмээс болж авч болдоггүй, хаяж, халдаж  ч болдоггүй “Г.Шархүү”, “Д.Оюунбат” гэсэн зохиогчийн эрхтэй бүтээл ийм л түүхийг өөртөө агуулж байна.  Харин одоогийн удирдлагууд өөрийн нэрийг мөнхлөх зорилгоор 11-14 тэрбум төгрөгийн бүтээн байгуулалтыг эхлүүлэхээр галт тэрэг нэгэнт хөдөлжээ. Тэрхүү ажил нь бүтээн байгуулалт  байх уу, балгас болох уу гэдгийг энэ сарын 26-нд хуралдах аймгийн ИТХ-ын хуралдаан шийдэх нь ээ. Н.ТӨР
Сэтгэгдэл бичих

500 тэмдэгт

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ErdenetNews.mn хариуцлага хүлээхгүй болно.
Зочдын сэтгэгдэл (0)

Та өсвөр насны хүүхэдтэйгээ бэлгийн болон нөхөн үржихүйн сэдвээр хэр нээлттэй ярилцдаг вэ?

  • Хүүхэдтэйгээ тогтмол ярилцдаг
  • Ямар нэгэн асуудал байгаа мэт санагдмагц ярилцдаг
  • Хааяа нэг асуудаг
  • Хүүхэд маань өөрөө л хэлэхгүй бол асуудаггүй
  • Аль болох зайлсхийдэг