В.СУМЪЯАСҮХ: Эрүүл мэндийн салбарт цахимжуулалтын тусгай программ хэрэгжүүлнэ
Онцлох мэдээ 5 жилийн өмнө     21    0
Г.Ганхуяг даргатай Эрүүл мэндийн газар, БОЭТ-ийн ажил үйлчилгээнд аймгийн ЗДТГ-аас хөндлөнгийн байгууллагаар тодорхой санал асуулгаар судалгаа хийлгүүлсэн байна. Уг байгууллагын хийсэн судалгааны дүнд Орхон аймгийн хэмжээнд эрүүл мэндийн үйлчилгээ, эмч нарын харилцааны соёл тааруухан байгааг гаргажээ. Аймгийн 7035-3511 дугаарын утсанд эмнэлгийн ажил үйлчилгээ, эмч нартай холбоотой гомдол олон удаа ирсэн учир ийнхүү удирдах байгууллагаас хөндлөнгийн байгууллагаар дээрх судалгааг хийлгэсэн байна. Өнгөрсөн долоо хоногт аймгийн Засаг даргын зөвлөлийн хурлаар дээрх асуудлыг хэлэлцэж, тодорхой санал, санаачлага гаргажээ. Уг сэдвээр аймгийн ЗДТГ-ын дарга В.Сумъяасүхээс дараахь тодруулгыг авсан юм. -Эрүүл мэндийн салбарыг дүгнэсэн энэ үнэлгээнээс харахад, эрүүл мэндийн бодлого алдагдсаныг харуулж байна. “Муу” дүнг засахын тулд юу хийвэл үр дүнтэй вэ? -Аймгийн ЗДТГ-аас хөндлөнгийн байгууллагаар судалгаа шинжилгээ хийлгэлээ. Энэ нь иргэдээс ирсэн санал хүсэлтээр Орхон аймагт эрүүл мэндийн салбарт ажиллаж байгаа хүмүүсийн ажлын үйлчилгээ, зан харьцаа, эмчилгээний чанар муу байна гэсэн дүн авсан. Энэ дүгнэлтийг аймгийн ЗДТГ хүлээн зөвшөөрч байгаа. Хөндлөнгийн байгууллагын хийсэн судалгаанд ч бид итгэж байна. Иргэдийн хэлж буй санал шүүмжлэлд ч итгэж байна. Тийм учраас эрүүл мэндийн салбарт энэ жил чанарын өөрчлөлтийг хийх ажлыг эхлүүлж байгаа. Энэ ажлын хүрээнд аймгийн ЗДТГ-аас эрүүл мэндийн салбарт Эрүүл мэндийн газраас хийх ажлыг сонслоо. Дараагийн аймгийн ИТХ-ын чуулганд тусгай асуудал болгон оруулна. Аймгийн ЗДТГ-аас баримталж байгаа бодлогыг хэд хэдэн асуудлаар хэлье. Нэгдүгээрт, БОЭТ-ийн материаллаг баазыг шинэчлэхэд аймгийн ЗДТГ-аас онцгой анхаарна. Энэ жил багагүй хэмжээний мөнгө гаргаж байгаа. Одоо засварын ажлууд нь эхлээд явж байна. Энэ засварын ажлын хүрээнд БОЭТ-ийн Хүлээн авах тасаг, Эрчимт эмчилгээний тасаг, Хавдрын тасаг болон Гал тогооны хэсэгт орчин үеийн тохилог сайхан засвар үйлчилгээ хийгдэнэ. Тендэр нь зарлагдаж, байгууллага нь шалгараад, засвар хийж байгаа. Эдгээр ажлын үр дүнд хойд эмнэлэг рүү яваад ороход Хүлээн авах тасаг нь орчин үеийн шаардлага хангасан, тохьтой тухтай нөхцөл байдлыг бүрдүүлсэн газар болно. Эрчимт эмчилгээний тасаг бол хамгийн хүнд өвчтэй, ар гэрийхнийх нь сэтгэл санааг түгшээсэн ийм газар байдаг. Эрчимт эмчилгээний тасагт эмчлүүлж байгаа хүмүүсээ сахиж байгаа ар гэрийнхэн нь эмнэлгийн орчин үеийн үйлчилгээ авах тав тухыг бүрдүүлэх засвар үйлчилгээний ажил хийж байна. Гал тогоог сайхан болгоно. Хавдраар өвчилсөн гэсэн онош сонссон хүмүүсийн эмчлүүлэх нөхцөл бололцоог хангах зорилгоор сэтгэл санаанд нь сайхнаар нөлөөлөх тав тухыг бий болгохоор сайхан тохижуулахаар ажил нь эхэлсэн. Энэ зун, намартаа засварын ажлууд нь хийгдээд дуусчихна. Материаллаг баазын хувьд өнгөрсөн жил өвчтөний ор, цагаан хэрэглэлийг сольсон. Үндсэндээ пурштэй 200-гийн цагаан ортой байлаа шүү дээ. Энэ жил 100 гаруй сая төгрөг гаргаж, 300 гаруй орчин үеийн эмнэлгийн стандарт шаардлагыг хангасан тусгай зориулалтын ор нийлүүлж байгаа. Захиалагч нь тодорсон. Албан ёсны эмнэлэгийн тоног төхөөрөмж нийлүүлдэг компани дээрх зүйлсийг нийлүүлж байгаа учир найдвартай, өвчтөний орны хувьд чанарын өндөр түвшинд шийдэж байгаа юм.  Мөн гэр хорооллын түргэн тусламжийг тусад нь гаргана. Мөн гэр хорооллын өрхийн эмнэлгүүдийг нэгтгэж, нэг дор төвлөрүүлэх гэж байна. Шинэ автомашин авч өгснөөр гэр хороололд түргэн тусламжийн үйлчилгээ шинэ шатанд гарна. Энэ асуудлыг наадмын өмнө шийдчих боломжтой. -Эмч нарын зан харилцааны соёлыг сайжруулахад материаллаг гэхээсээ илүү сэтгэхүй, хариуцлагын асуудал яригдах болов уу? -Өнөөдөр юуны түрүүнд иргэдийн зүгээс хамгийн ихээр санал гаргаж, бухимдуулж байгаа асуудал бол амбулаторын үзлэгт үзүүлэхэд маш их оочер дугаар үүсдэг гэж байгаа. Эмч нар нь арын хаалгадаад үзэхгүй юм. Эмчид үзүүлэх дугаар авахын тулд өглөө эртлэн босох юм. Эмч нарын зан харьцаа муу байна гэж маш ихээр санал гомдол ирдэг. Ийм голлох асуудлыг шийдэхийн тулд эрүүл мэндийн салбарт цахимжуулалтыг богино хугацаанд хийх шаардлагатай байна. Дээрх шийдлийг гаргаж, аймгийн ИТХ-д оруулахаар болж байна. Эрүүл мэндийн салбарт цахимжуулалтыг шийдсэнээр “HEALT INFO-3” гэсэн эрүүл мэндийн тусгай программыг хэрэгжүүлээд, дотоод сүлжээ, шилэн кабель ашиглан бүх эмч нар орчин үеийн өндөр хурдтай компьютерийн системд холбогдоно. Ингэж компьтерийн системд орсноор амбулаторын үзлэг хийлгэх гэж байгаа хүмүүс захиалгаа цахимаар өгнө, хэдэн цагт ямар өвчтөн над дээр орж ирэх вэ гэдгийг эмч компьютер дээрээсээ хараад сууж байна. Тухайн өвчтөнд хийгдсэн бүх шинжилгээ, үйлчилгээ, онош зэргийг бичдэг навсгар дэвтэр байхгүй болно. Эмчид ороод дугаараа хэлэхэд, өвчтөний хийлгэсэн зүрхний бичлэг, ходоодны дурангийн үзлэг, оношлогоо бүгд компьютер дээр байж байдаг. Ийм шинэлэг, цаг хэмнэсэн системд эрүүл мэдийн салбарыг шилжүүлэх гэж байна. Хоёрдугаарт, өвчтөний цахим түүх нээхээс гадна эрүүл мэндийн цэнхэр дэвтэргүй бол өвчтөнийг үзэхгүй гэж хүндрэл учруулж, хөөж туугаад байдаг. Тийм үзэгдэл байхгүй болох юм. Эмч компьютер дээрээ нэрээр нь орж үзээд, даатгалын дэвтрийн дугаар нь тэд байна гээд үзэж хараад, үйлчлэнэ. Эрүүл мэндийн газрын гаргасан тооцоогоор олон сая төгрөг нэхсэн судалгаа гарсан. Бид газар дээр нь ажлын хэсэг гаргаад үзэхэд, тийм айхтар асуудал үүсчихээгүй байсан. Нийтдээ 32 эмчид өндөр хурдны компьютер, эмнэлгийн найман тасагт өндөр хурдны компьютер авах шаардлага байна. Эрүүл мэндийн салбарт нийтдээ 50 гаруй компьютер авахад болно. Үүнийг бид гурав, дөрөвдүгээр улиралдаа багтаагаад хийчихнэ. Энэ бүхнийг хийгээд дууссаны дараа эмч нарын зан харьцаа, хүнээс ямар нэг байдлаар гар хардаг явдал үндсэндээ алга болно гэж бодож байгаа. Дээрх бүх хөрөнгө оруулалтыг хийснээр эрүүл мэндийн салбарт томоохон ахиц өөрчлөлт болно гэж бодож байна. Б.Рэнцэнханд
Сэтгэгдэл бичих

500 тэмдэгт

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ErdenetNews.mn хариуцлага хүлээхгүй болно.
Зочдын сэтгэгдэл (0)

Та өсвөр насны хүүхэдтэйгээ бэлгийн болон нөхөн үржихүйн сэдвээр хэр нээлттэй ярилцдаг вэ?

  • Хүүхэдтэйгээ тогтмол ярилцдаг
  • Ямар нэгэн асуудал байгаа мэт санагдмагц ярилцдаг
  • Хааяа нэг асуудаг
  • Хүүхэд маань өөрөө л хэлэхгүй бол асуудаггүй
  • Аль болох зайлсхийдэг