Хүүхдүүд эрхийнхээ төлөө чууллаа
Онцлох мэдээ 5 жилийн өмнө     67    0
Орхон аймгийн ЗДТГ, аймгийн Хууль зүйн хэлтсээс санаачлан “Хүүхдийн эрх-2014” 1000 хүүхдийн уулзалт зөвлөгөөнийг Монгол Улсын Их Хурлын дарга З.Энхболдын ивээл дор тавдугаар сарын 31-ээс зургаадугаар сарын 1-ний өдрүүдэд зохион байгууллаа. Энэ удаагийн уулзалт зөвлөгөөнд 13 аймаг, нийслэлийн зургаан дүүргийн 1000 гаруй хүүхэд багачууд хүүхдийн эрхийн талаар санал бодлоо солилцож төр засагт үгээ дуулгалаа. “Хүүхдийн эрх-2014” уулзалт зөвлөгөөнд оролцогчдод УИХ-ын дарга З.Энхболд, Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайд С.Эрдэнэ, Хууль зүйн сайд Х.Тэмүүжин нар мэндчилгээ ирүүлсэн байв. Энэ үеэр Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын яамны Хүүхэд гэр бүлийн хөгжлийн хэлтсийн дарга Х.Баавгай тавьсан илтгэлдээ “Хүүхдийн эрх гэдэг бол төрөхөөс заяагдсан үндсэн хэрэгцээ юм . Өнөөдөр манай хүүхдүүдийн өмнө үндсэн дөрвөн эрх байна. Үүнд амьдрах эрх, хамгаалуулах эрх, хөгжих эрх, ороцох эрх эдгээр болно. Үүнийг та бүхний өдөр тутмын амьдралд хэрэгжүүлэхийн төлөө төр засаг ажиллаж байна. Мөн би та бүхэнд энэ индэр дээрээс нэгэн баярт мэдээг дуулгаж байна. Өнөөдрөөс эхлэн хүүхдийн эрхийг хамгаалах тэдний үгийг сонсох зорилгоор 108 дугаартай утсыг ажиллуулж эхэллээ. Та бүхэн эрх чинь зөрчигдвөл, найз нөхдийн чинь эрхийг хэн нэгэн зөрчвөл дурын гар утас, суурин утаснаас ямар ч төлбөргүйгээр энэ утсанд 24.00 цагийн турш хандах боломжтой боллоо. Алс холын Ховд аймгаас 108 тоот утсанд хандаж гомдол, санал хүсэлтээ илэрхийлбэл бид маш богино хугацаанд тодорхой арга хэмжээ авч, холбогдох байгууллагад мэдэгдэн ажиллах болно. Ингэснээр хүүхдүүд та бүхний эрхийг хангах боломж бүрдэж байна” хэмээн онцолсон юм. Энэ үеэр Цагдаагийн ерөнхий газрын дэд дарга Ц.Алтанхуяг, Орхон аймгийн Хууль зүйн хэлтсийн дарга Б.Батхуяг нар Хүүхдийн эрх, тэдний өмнө тулгамдаж буй асуудлын талаар илтгэл тавьлаа.
Сэтгэгдэл бичих

500 тэмдэгт

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ErdenetNews.mn хариуцлага хүлээхгүй болно.
Зочдын сэтгэгдэл (0)