Гадаа хүйтэн ч сэтгэлдээ нартай “Хүүхдийн баяр” сайхан боллоо
Хотын амьдрал 5 жилийн өмнө     50    0
Тэнгэрт борооны үүл хуралдаж хэзээ мөдгүй хурын ус шаагих гэж байгаа боловч Эрдэнэт хотын төв талбай болох А.Амарын талбай 11.00 цаг гэхэд хүүхэд багачуудын хөлд нэгэнт дарагдсан байлаа. Үлгэр жишээ үлээвэр найрал хөгжмийн аялгуун дор жагссан хүүхдүүдийн парадаар эхэлсэн хүүхдийн баярыг, тэдний хөөрч догдолсон сэтгэлийг тэнгэр хангай ч “хүчирсэнгүй”. Эрдэнэт хотод 11.00 цаг болоход “Уурхайчин” соёлын ордны өмнө зассан индэр дээр Орхон аймгийн ИТХ-ын дарга Б.Мягмарсүрэн, аймгийн ИТХ-ын төлөөлөгч Ш.Ганбат, Д.Оюунцэцэг, Ж.Ганчимэг, Р.Улаанхүү болон аймгийн Соёл, спорт аялал жуулчлалын газрын дарга Д.Лхагвасүрэн, Хүүхэд гэр бүлийн хөгжлийн хэлтсийн дарга Т.Хонгорзул, аймгийн Боловсролын газрын дарга О.Ариунгэрэлт, аймгийн ЗДТГ-ын Нийгмийн хөгжлийн хэлтсийн мэргэжилтэн С.Сайнбилэг, Х.Өнөржаргал нар гарч ирснээр энэ жилийн Хүүхдийн баяр албан ёсоор эхэлсэн юм. Хүүхдийн баярыг аймгийн ИТХ-ын дарга Б.Мягмарсүрэн нээж үг хэлэн үүний дараа урлаг, спорт, сурлагын тэргүүний амжилт гаргасан сурагчдад шагнал гардууллаа. Энэ үеэр Хүүхдийн баяраа тэмдэглэж байгаа багачууддаа мэндчилгээ дэвшүүлэхээр УИХ-ын гишүүн О.Содбилэг хүрэлцэн ирсэн байлаа. А.Амарын талбай хүүхдийн хөөр хөгжөөн, инээд баясалд умбан хүүхэд багачууд циркийн тоглолт үзэж нэгэн өдрийг хөөр баясал дунд өнгөрөөсөн юм. Харин аймгийн Засаг дарга, түүний орлогч нар энэ өдөр харагдсангүйд эцэг эхчүүд төдийгүй хүүхэд багачууд ч гайхаж байсныг нуух юун. Дарга нар маань ч энэ удаад өөрсдөө морилон ирж амждаггүй юм бол ядаж л бие төлөөлөгчөөрөө мэндчилгээ дэвшүүлсэн бол хүүхдийн баяр улам л цоглог, сайхан болох байсан ч юм билүү. А.Амарын талбайд Эрдэнэтчүүд хүүхдийн баяраа тэмдэглэж байхад “Хангарьд” паласт 13 аймаг, нийслэлийн зургаан дүүргийн 1000 гаруй хүүхэд өөрсдийн эрхийнхээ төлөө чуулж байлаа. Энэ ажлыг аймгийн ЗДТГ-ын Хууль зүйн хэлтсээс санаачилсан юм.
Сэтгэгдэл бичих

500 тэмдэгт

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ErdenetNews.mn хариуцлага хүлээхгүй болно.
Зочдын сэтгэгдэл (0)