Чөлөөт бөхийн тамирчдыг алтан гулдмай, байраар шагналаа
Мэдээ мэдээлэл 4 жилийн өмнө     95    0
Чөлөөт, сонгомол бөхийн насанд хүрэгчдийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн АНУ-ын Лас Вегас хотноо есдүгээр сарын 7-12-ны өдрүүдэд болсон билээ. Энэхүү тэмцээнд манай улсаас чөлөөт бөхийн эрэгтэй, эмэгтэй бүтэн багаараа оролцож, нэг алт, гурван мөнгө, нэг хүрэл медаль хүртэж, олимпийн зургаан эрх авсан. Дэлхийн аваргад амжилттай оролцсон баг тамирчид өчигдөр эх орондоо ирсэн юм. Монголын чөлөөт бөхийн холбооны(МЧБХ) удирдлагууд өнөөдөр дэлхийн аваргыг зорьсон баг, тамирчдыг “Blue Sky Tower”-н хүлээн авалтын танхимд угтан авлаа. Энэ үеэр дэлхийн аваргад амжилт үзүүлсэн тамирчдыг шагнаж урамшууллаа. Тодруулбал чөлөөт бөхийн холбооны зүгээс дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс медаль хүртсэн тамирчин бүрт арвин амжилтыг бэлгэдсэн цагаан будааг мөнгөн аяганд дүүргэж, дээр нь алтан гулдмай өргөж бэлэглэлээ. Дэлхийн аваргын хошой алтан медальт, гавьяат тамирчин С.Батцэцэгийн амжилтыг үнэлж 1 кг алт, мөнгөн медальт Батболдын Номин, Пүрэвжавын Өнөрбат, Сүхээгийн Цэрэнчимэд нарт 500 гр алт, хүрэл медальт Эрдэнэбатын Бэхбаярт 300 гр алтыг тус тус бэлэглэлээ. Мөн “Рио-2016” олимпийн наадмын эрхийг авсан Ганзоригийн Мандахнаран, Жаргалсайханы Чулуунбат, Очирбатын Насанбурмаа нарт тус бүр 2 сая төгрөг, дасгалжуулагч багш нарт тус бүр 2000 мянган ам.долларыг өгсөн юм. Гавьяат тамирчин С.Батцэцэгт Үндэсний Хөрөнгө Оруулалтын Банкнаас 3 өрөө байр бэлэглэн, батламжийг гардууллаа. Мөн гавьяат тамирчин С.Батцэцэг нь Үндэсний Хөрөнгө оруулалтын банкинд ажилладаг бөгөөд хошой аваргадаа банкныхаа хамт олон болон нийт харилцагчдынхаа нэрийн өмнөөс баяр хүргэж цаашдын тэмцээн, уралдаанд нь өндөр амжилтыг хүсэн ерөөсөн юм. МЧБХ-ны тэргүүн дэд ерөнхийлөгч, УИХ-ын гишүүн Д.Сумъяабазар дасгалжуулагч Оюунбилэгийн Пүрэвбаатарт 10 сая төгрөг, Үндэсний хөрөнгө оруулалтын банкнаас дэлхийн хошой аварга С.Батцэцэгт Нарны хороололд гурван өрөө байрны батламжыг гардуулан өглөө. Мөн тамирчдыг ивээн тэтгэдэг бусад байгууллагууд урамшуулахаа энэ үеэр хэлсэн юм. Эх сурвалж: new.mn