МЭНДЧИЛГЭЭ
Хотын амьдрал 5 жилийн өмнө     62    0
Эх орны гэрэл гэгээтэй ирээдүй болсон эрхэм хүүхэд багачууд та бүхэндээ Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийн баярын мэндийг дэвшүүлж эрүүл энх, аз жаргал, сайхан ирээдүйг хүсэн ерөөе. Монгол улсын засгийн газраас 2014 оныг “Гэр бүлийн хөгжлийг дэмжих жил” болгосонтой холбогдуулан Орхон аймагт хүүхдийн баярын арга хэмжээг “Хүүхэд гэр бүлдээ л аз жаргалтай” сэдвийн доор зохион байгуулж байна. Манай аймгийн хэмжээнд 0-18 насны 29000 хүүхэд сурч хүмүүжиж байна. Орхон аймаг хүүхдийн талаар олон арга хэмжээг бодлогын түвшинд хэрэгжүүлж ирлээ. 2013-2014 онд хүүхдийн дуу бүжгийн чуулгыг шинээр байгуулан мөн Эрдэнэт хотод циркийн үндэс суурийг тавих зорилгоор Хүүхэд залуучуудын театрын дэргэд цирк ангийг байгуулсан бөгөөд үйл ажиллагаа нь тогтмолжин ажиллаж байна. Хүүхдийн дуу бүжгийн чуулга хүүхдийн баярын өдрүүдэд та бүхэндээ анхны тайлан тоглолтоо ийнхүү хийж байна. ЕБС-иудад хүүхэд төлөвшлийн 22 ажилтныг орон тоогоор ажиллуулж 49 сая төгрөгийг орон нутгийн төсвөөс шийдвэрлэж өглөө. Энэ нь хүүхдийн хүмүүжил, төлөвшилд чухал ач холбогдолтой юм. Бидний өвөг дээдэс маань төр ёс, хууль цааз, зан заншлын эртний баялаг сайхан уламжлалыг хойч үеийнхэндээ өвлүүлэн үлдээсэн билээ. Энэ сайхан уламжлалыг хүүхэд, өсвөр үеийнхэн сурлага хүмүүжилдээ даган хэрэгжүүлж эх оронч үзлээр хүмүүжих нь чухал юм. Хүн өөрөө хүн байхын тулд өөртэйгээ уйгагүй ажиллаж, алхам бүрт ололт, дутагдлаа мэдэрч чаддаг байх хэрэгтэй. Энэ насанд ганц л заяасан эх орон, Эрдэнэт нутгаа үнэн сэтгэлээсээ хайрлан хамгаалж, аав ээжээ ачлан хүндэлж, эрдэм номд шимтэн боловсорч байгаа хүүхэд багачууд та бүхэндээ дахин баяр хүргэж хүүхэд насны гэгээн баяраа дурсамж дүүрэн тэмдэглэхийг хүсэн ерөөе. Аймгийн ИТХ-ын дарга Б.Мягмарсүрэн
Сэтгэгдэл бичих

500 тэмдэгт

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ErdenetNews.mn хариуцлага хүлээхгүй болно.
Зочдын сэтгэгдэл (0)