Японы сургагч багш нар зүймэл даавуун урлалын сургалт явуулна
Хотын амьдрал 5 жилийн өмнө     181    0
Хөдөлмөрийн хэлтэс “Хөгжлийн бэрхшээлтэй иргэний ажлын байрыг дэмжих” хөтөлбөрийн хүрээнд “Шинэ замнал” төрийн бус байгууллагатай хамтран Япон улсаас сургагч багш урьж, зүймэл даавуун урлалаар бэлэг дурсгал хийх сургалт хийх гэж байна. Уг сургалтанд хамрагдах хүсэлтэй хөгжлийн бэрхшээлтэй эмэгтэйчүүдийг Хөдөлмөрийн хэлтсийн байран дээр бүртгээд дууссан ч дахин бүртгэлийг явуулах гэж байна. Хүн гараа хөдөлгөж, ухаанаа уралдуулсны хүчинд сайн сайхан амьдардаг энэ нийгэмд хөгжлийн бэрхшээлтэй ч сурсан мэдсэнээрээ бусдаас дутахгүй амьдарах боломж бий гэдгийг “Шинэ замнал” төрийн бус байгууллагыхан харуулахыг зорьж байна. Иймээс ч энэ байгууллага Хөдөлмөрийн хэлтэстэй хамтран хөгжлийн бэрхшээлтэй эмэгтэйчүүдэд зориулсан зүймэл даавуугаар гоёл чимэглэлийн бүтээгдэхүүн урладаг Японы хоёр урлаачийг урьж, сургалт хийх гэж байна. Энэ сургалатанд хамрагдах хүсэлтэй хүмүүсийг Хөдөлмөрийн хэлтэс багуудаар дамжуулан өөрийн байран дээрээ энэ долоо хоногийн лхагва гариг хүртэл бүртгэсэн. Харин нэмэлт элсэлтийг ирэх даваа гаригт Хөдөлмөрийн хэлтсээс Амарын талбайд зохион байгуулах “Нээлттэй хаалганы өдөрлөг”-ийн үеэр бүртгэх гэж байна. Ирэх долоо хоногийн даваа гариг буюу энэ сарын 23-нд Хөдөлмөрийн хэлтэсээс Амарын талбайд хийх “Нээлттэй хаалганы өдөрлөг”-ийн үеэр Японы сургагч багш зүймэл даавуун урлалын богино хэмжээний үзүүлэх сургалт хийнэ. Сонирхсон хүмүүс өдөрлөгийн үеэр бүртгүүлж, цаашид суралцахыг хүсвэл тодорхой шалгуурын дагуу 14 хоногийн сургалтанд хамрагдах боломжтой. Хөдөлмөрийн хэлтэс өдөрлөгийн үеэр ажил олгогч, ажил хайгч иргэдийг уулзуулж, ажилд зуучлана. Мөн аж ахуйн нэгжүүд Хөдөлмөрийн хэлтэстэй хамтран ажиллахад ямар дэмжлэг байдаг талаар мэдээлэл өгнө.