“Хүлэг” захын лабораторын үйл ажиллагаа эргэлзээ төрүүлж байна
Хотын амьдрал 5 жилийн өмнө     156    0
Урин дулааны улиралд сүү, цагаан идээний борлуулалт, хэрэгцээ нэмэгддэг. Үүнийг дагаад чанар, эрүүл ахуйн хяналт шалгалтыг өндөржүүлэх нь хяналтын байгууллага болоод хүнсний худалдаа эрхлэгч аж ахуйн нэгжийн үүрэг байх ёстой. Бид “Хүлэг” хүнсний захаар ороход, лабораторын ажиллах горим алдагдсан ноцтой дутагдал илэрсэн юм. “Хүлэг” хүнсний захын лаборатори өдөрт хоёр удаа сүү, тараг, айраг бусад бүтээгдэхүүнд шинжилгээ хийж, дүгнэлт гаргадаг гэсэн тайлбарыг мэргэжлийн хүн нь хэлсэн. Гэсэн ч сүүн бүтээгдэхүүнийг шинжлэх зориулалтын нягт, хольцыг хэмжих багаж нь лаборатортоо байхгүй, өөр өрөөнөөс нь авчирч, бидний нүдэн дээр цахилгаанд залгаж байсан юм. “Хүлэг” захын лаборатор шинжлэх төхөөрөмжгүйгээр ямар шинжилгээ хийж, чанарын ямар баталгаатай сүү, цагаан идээ борлуулж буй нь эргэлзээ төрүүлж байгаа юм. Иймээс ч иргэд захаас сүү авахад найдваргүй гэж ярьдаг нь оргүй үг биш гэдгийг харууллаа. “Хүлэг” захын сүү цагаан идээ борлуулагчдаас гадна захын гадуур ил задгай саваа тавьчихсан суугаа борлуулагчдад хэн хяналт тавих вэ. Захын ойролцоох нутаг дэвсгэрт хяналтгүй сүү цагаан идээ борлуулахгүй байхыг “Хүлэг” захын захиргаа хариуцах үүрэгтэй. Мөн мэргэжлийн хяналтын байгууллагын байцаагч нарын хяналт шалгалт энд жинхэнэ хэрэгжих ёстой. Мэргэжлийн хяналтын эрүүл ахуй, хүнсний худалдаа хариуцсан байцаагч нар ажлаа хийж, захын лабораторын төхөөрөмжийг байнга ажиллуулж, захын гаднах бохир заваан сүү цагаан идээний борлуулагч нарын үйл ажиллагааг зогсоох арга хэмжээ авахыг шаардаж байна.