Ц.Даваацэрэн даргын 75 тоот шийдвэр хуульд нийцэх үү
Хотын амьдрал 5 жилийн өмнө     190    0
           Нэг үйлдвэрийн дарга тушаал гаргаад “Энэ л авлига авсан байж болзошгүй” хэмээн дургүйцсэн нэгнийхаээ Үндсэн хуулиар олгогдсон эрхийг ноцтойгоор зөрчиж ширээ сандал, сейф, картын болон дансны дугаарыг нэгждэг болвол юу болох вэ. Тэгвэл дэлхийд тэргүүлэх уул уурхайн том үйлдвэрийн жагсаалтад багтдаг, Эрдэнэтийн төдийгүй Монголын брэнд, нэрийн хуудас болсон “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн захирал Ц.Даваацэрэн 2015 оны тавдугаар сарын 1-нийөдөр 75 тоот шийдвэр буюу тушаал гаргаж тус үйлдвэрийн Материал, техникийн хангамжийн хэлтсийн менежер, ажилтнуудын албан ажлын өрөө, ширээ, сейф зэрэг эд зүйлд шалгалт \бидний ойлголтоор нэгжлэг\ хийхийг Хууль зүйн хэлтсийн даргадаа үүрэг болгожээ. Мөн шалгалт хийхэд хэлтсийн бүх ажилтнуудыг хамруулах болон зохион байгуулалтын ажилд дэмжлэг үзүүлж ажиллахыг Материал техникийн хангамжийн хэлтсийн дарга Т.Бямбажаргалд даалгасан байх юм. Ц.Даваацэрэн захирлын энэхүү тушаал, шийдвэрээс харвал “Эрдэнэт үйлдвэр” ХХК-д авлига, хээл хахууль хэрээс хэтэрч аргаа барахдаа удирдлага нь менежерүүдээ хардаж, эцэс сүүлд нь ийм арга хэмжээ авсан дүр зураг нэг талаас харагдаж байна. Нөгөө талаас үйлдвэрийн удирдлага хууль зөрчиж улмаар хүний амьд явах зэрэг үндсэн эрхэд нь бүдүүлгээр халдсан энэ увайгүй үйлдлийг ингэс хийгээд нам дарах гэсэн сонирхол даргыг даган зулгуйдагч, түүний тойрон хүрээлэгчдэд байна. Үйл явдал ингэж өрнөсөн юм. Сэтгүүлч миний хувьд Ц.Даваацэрэн захирал ийм тушаал гаргасныг сүүлд мэдсэн. Тавдугаар сарын 8 буюу баасан гарагт “Хангамжийн менежерүүдийн албан өрөөнд, ширээ шүүгээнд нь шалгалт хийж байна. Менежерүүдийг нь өөр өрөөнд оруулаад гар утсыг нь хурааж аваад гаднаас нь түгжээд бөөн юм болж байна” гэсэн мэдээлэл ирсэн удаатай. Яг үнэндээ би энэ мэдээлэлд итгээгүй. Арай ч тийм зүйл байж боломгүй гэж сэтгэсэн хэрэг. Гэтэл үнэхээр тэр өдөр бол хуулийнханы хэллэг, нэрлэж заншсанаар бол “Хар баасан гараг” байсан хэрэг байж. \Баасан гарагт хэн нэгнийг барьж хорьдог болсон учраас ийм нэртэй болсон хэрэг\ Хаа хол Улаанбаатарт л байсан энэ ойлголт болох “Хар баасан гараг”-ийг Ц.Даваацэрэн захирал Эрдэнэтэд бодитоор, өнгөтөөр хийсэн нь үнэн болж байх шиг. Хамгийн гол нь Ц.Даваацэрэн захирал төдийгүй “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн Хуулийн хэлтсийн дарга, ажилтнуудад бусдын хувийн өмч хөрөнгөнд халдах, нэгжлэг хийх эрх байхгүй. Өнөөдөр Монгол улсад үйлчилж байгаа хууль, тогтоомжид зааснаар бол хууль, хүчний байгууллага прокурор буюу Хууль цаазын итгэмжит зөвлөх, тодорхой тохиолдолд шүүгчийн шийдвэрээр нэгжлэг хийх эрхтэй. Гэтэл өнөөдөр Ц.Даваацэрэн захирал шийдвэр гаргалаа, маргааш нь “Эрдэнэт үйлдвэр”-т ажилладаг хэн нэгний гэрт, хувийн эдлэнд нь нэгжлэг хийхэрхтэй байж болох нь, энэ байгууллагын Хуулийн хэлтсийнхэн. Үнэн хэрэгтээ бол үйлдвэрийн Хуулийн хэлтсийнхэнд нэгжлэг хийх эрх байхгүй. Харин тэд Материал техникийн хангамжийн хэлтсийн менежерүүдээс хэн нэгнийг нь авлига авсан хэмээн сэрдэж байгаа бол хууль дүрмийн дагуу эхлээд ажлын зураг үйлдээд шалгах, болохгүй бол цагдаа, тагнуул, авлигатай тэмцэх газарт мэдэгдэн шалгуулах учиртай баймаар. Гэтэл Ц.Даваацэрэн захирал өөрийн гараар их хэмжээний авлигын хэрэг илрүүлсэн “баатар дарга” болох гэж хууль дүрмийг зөрчиж байна уу. Эсвэл өнөөдөр дэлхийд данстай энэ үйлдвэрт үнэхээр авлига хээл хахуулийн хэрэг газар авсан уу. Т.Бямбажаргал дарга авлигын эсрэг юу хийж байсан бэ. Ширээнийхээ ард шигдчихээд суудаг өрөөгөө томсгож, үүдэндээ нарийн бичиг бүсгүйтэй болохоос өөр ажил хийсэн үү, энэ дарга гэсэн олон асуулт гарч байна. 2013 онд бидний зүгээс Материал техникийн хангамжийн хэлтсийн зохион байгуулдаг Худалдан авах ажиллагааг нээлттэй ил тод болгохын тулд хамтран ажиллах саналыг Ц.Даваацэрэн захиралд гаргаж байсан удаатай. Тэр үед Ерөнхий захирал бидний саналыг дэмжсэн. Харин дэмжсэн шийдвэрийг нь тухайн үеийн Хуулийн хэлтсийн удирдлага, Материал техникийн хангамжийн хэлтсийн дарга Т.Бямбажаргал нар “идчихсэн”. Хүсэлтийнхээ хариуг авах гэж дээрх хоёр хэлтсийн дарга нарын хаалгыг мөн ч удаан сахисан. Адаг сүүлд нь Т.Бямбажаргал дарга “Нэг тийм бичиг байсныг санаж байна. Хайж байгаад олоод хариу хэлье” гэснээс хойш хоёр жил өнгөрсөн. Эндээс харвал Ц.Даваацэрэн захирал жирийн менежерүүдээ хардахын оронд арай өөр өнцгөөс харвал хууль зөрчсөн тушаал, шийдвэр гаргахгүй байж ч болох боломжтой мэт. Энэхүү 75 тоот шийдвэрээс харвал Т.Бямбажаргал даргатай дээрх хэлтсийнхэн тэр чигээрээ авлигачин болж таарах нь. “Эрдэнэт үйлдвэр” Авлигтай тэмцэх газрын удирдлагатай ямар Санамж бичиг байгуулсан юм бол. Арай тэрхүү Санамж бичигт “...авлигын сэжиг илэрвэл захирлын тушаалаар нэгжлэг явуулна” гэж заасан бол удирдлагын энэ увайгүй, хууль зөрчсөн үйлдлийг 100 хувь дэмжвэл яасан юм бэ. Хамгийн сонирхолтой нь Ц.Даваацэрэн захирлын 75 тоот шийдвэр, түүний дагуу хийсэн хууль бус гүйцэтгэх ажиллагааны талаар шударга иргэдийн зүгээс Хүний эрхийн үндэсний комисс, УИХ-ын Өргөдлийн байнгын хороонд өргөдөл гаргаж байгаа аж. Ингэх эрх нь ч үйлдвэрийн ажилтан гэлтгүй хүн бүхэнд хуулиар олгогдсон байгаа. Маргааш хэн нэгний гэрт үзлэг нэгжлэг хийх, шалгах тухай тус үйлдвэрийн захирлын тушаал гарчээ гэж дуулдвал нэг их гайхаад байх шаардлага үгүй болов уу. Харин баасан гаригт уу гэж л асуухаас өөр гарцгүй болох уу. Н.Төр