Д.Ганчимэг: Муу хүүхэд, юм сурдаггүй сурагч гэж хаана ч байхгүй
Хотын амьдрал 5 жилийн өмнө     196    0
“Маргад” дээд сургууль ирэх 2015-2016 оны хичээлийн жилээс эхлэн МУБИС-тай хамтран ерөнхий боловсролын лаборатори лицей сургууль байгуулах төслийг хэрэгжүүлэхээр болсон билээ. Орон нутагт анх удаа байгуулагдах ерөнхий боловсролын хувийн хэвшлийн сургуулийг түшиглэсэн лаборатори сургуулийн 1-5 дугаар ангид “Нэг сурагч хоёр оюутан” хөтөлбөр хэрэгжих юм. Энэ хөтөлбөрийн талаар “Маргад” дээд сургуулийн зөвлөх багш, Монгол улсын гавьяат багш Д.Ганчимэгтэй уулзаж ярилцлаа. -Танай сургуулийн МУБИС-тай хамтран хэрэгжүүлэх гэж байгаа лаборатори сургууль байгуулах төсөл анхаарал татаж байна. Ирэх хичээлийн жилд нэгдүгээр ангид элсэн орох бяцхан сурагчид ч энэхүү төсөлд хамрагдах юм байна. Төслийн бусдаас ялгарах онцлогийн талаар яриагаа эхлэх үү? -Манай сургуулийн зүгээс МУБИС-тай хамтарч лицей сургууль байгуулах төсөл хэрэгжүүлэх гэж байна. Эхний алхмууд хийгдлээ. Дараагийн ажлууд хуваарийн дагуу хийгдэж байна. Багш хүний хувьд энэ төслийг үнэхээр ач холбогдолтой, бусдаас давуу болно гэж хэлэх байна. Учир юу вэ гэвэл төрийн өмчийн болон хувийн хэвшлийн сургууль хамтраад ажиллах болохоор үр дүнд хүрнэ гэж харж байгаа. Энэ хоёр салбарын хамтын ажиллагаа тус бүрийнх нь нийтлэг ашиг сонирхолтой нийцэж түүнийхээ дагуу төсөл хэрэгжүүлж байгаа учраас заавал үр дүн гарна гэж харж байна. Манай сургууль бага ангийн хувьд ирэх хичээлийн жилд нэг, хоёр, дөрөвдүгээр ангиудад элсэлт авах гэж байгаа. Тухайлбал, 6 настай хүүхдүүд нэгдүгээр ангид орж ирнэ. Нэгдүгээр ангид Боловсролын яамнаас баталсан стандарт хөтөлбөрийн дагуу хичээл орно. Мөн дээрээс нь бид хүүхдээ хөгжүүлэхийн тулд тусгай хөтөлбөр боловсруулан ажиллана. Хүүхдүүд өглөө ирээд 4 цаг хичээлээ үзнэ. Түүний дараа тоглоомын цаг байна. Тусгай тоглоомын танхим нээж байгаа. Үүний дараа амраад, үдийн хоолоо иднэ. Дараа нь хүүхэддээ давтлага гэж нэрлээд байдаг хүүхэд багш нарын хамтын ажиллагаа хэрэгжинэ. -Энэхүү багш хүүхдийн хамтын ажиллагаа маань тусдаа хөтөлбөр хэлбэрээр явагдах нь гэж ойлгогдож байна. Хөтөлбөрийн онцлог  юу байх вэ? -“Нэг сурагч хоёр оюутан” гэсэн хөтөлбөр хэрэгжинэ. “Маргад” дээд сургууль багшийн ангитай, мөн СӨБ буюу цэцэрлэгийн багшийн ангитай. Багшийн ангийн нэг, цэцэрлэгийн багшийн ангийн нэг оюутан хамтраад нэг хүүхэдтэй бүтэн жилийн турш ажиллана. Тоглоомын танхимдаа багш-оюутантайгаа хамтарч тоглоно, хичээлийнхээ гэрийн даалгаврыг хамтарч хийнэ. Миний харж буйгаар бол нэгдүгээр ангийн хүүхэд өглөө 8 цагаас орой зургаан цаг хүртэл сургууль дээрээ байна. Даалгавраа хийсний дараа 15.30 цагаас цайндаа орно. Үүний дараа хүүхдээ хөгжүүлэх чиглэлийн сургалтад хамруулна. Хөгжүүлэх чиглэл нь ч тодорхой. Сургууль дээр бүжиг, төгөлдөр хуур, шатар даам, теннисний дугуйлан секц хичээллэнэ. Эхний удаад төслийн багийнхан хүүхэд нэг бүрийг нарийвчлан судалж, оношлоно. Анги удирдсан багш, хөтөлбөрийн хоёр оюутан хамтраад хүүхдээ оношлох ажил хийнэ. Хүүхдийн авьяасыг нээх зорилготойгоор. Үүний дараа хүүхдээ хөгжүүлэх чиглэлийн сургалтуудад авьяасынх нь дагуу хамруулна. Хүүхэд орой гэртээ хариад хичээл хийхгүй. Өөрөөр хэлбэл, сургууль дээр хичээлээ хийсэн, бататгасан, авьяас хөгжүүлэх сургалтад хамрагдсан байна. Харин эцэг эх нь хүүхдийнхээ сурсан мэдсэн зүйлийнх нь талаар ярилцах түүнийг нь хөхиүлэх л үүрэг хүлээнэ. -Эндээс харвал хөтөлбөрийг хэрэгжүүлэхийн тулд нэлээн том баг ажиллах нь ээ? -Яг үнэн. Бид энэ төслийг багаараа хэрэгжүүлнэ. “Нэг сурагч хоёр оюутан” хөтөлбөр ч гэсэн багаар хийгдэнэ. Нэгдүгээр ангийн багш, сургалтын менежер, сургуулийн захиргаа, хоёр оюутан, тэгээд миний бие гэсэн бүрэлдэхүүнтэй байх болов уу. Миний хувьд бага ангид хэрэгжих дээрх хөтөлбөрт зөвлөх багшаар ажиллаж байгаа. Хичээл, сургалт, хүмүүжлийн талаас нь зөвлөнө. - Эцэг эхчүүдийн оролцоо ч энэ багт байх нь. Нөгөөтэйгүүр нэгэнт л тусгай хөтөлбөр хэрэгжүүлэх учраас тодруулж байна л даа. Өнөөдөр нэгдүгээр ангийн хүүхэд намар хичээлд ороод хавар 35 үсгээ үзэж дуусч байна. Энэ бол яамны хэрэгжүүлж байгаа 12 жилийн тогтолцооны нэг “гажуудал” гэж би хувьдаа хардаг. Өмнө нь нэг улиралд, бараг хагас жилд цагаан толгойгоо үзээд үгээ холбоод уншдаг, бичдэг байсан. Танай хөтөлбөрийн хувьд үүнийг яаж харж байна вэ? -  Багийн хамтын ажиллагаанд ар гэр эцэг эхийн оролцоо хамгийн чухал. Миний  туулж өнгөрүүлсэн туршлагаас харвал хүүхдийг сурах үйл явцад эцэг эхийн хамтын ажиллагаа хамгийн чухал байдаг нь амьдралаас батлагдсан зүйл гэж би ойлгодог. Эцэг, эхчүүдтэй анги удирдсан багш, хөтөлбөрийнхөн өдөр тутам хамтран ажиллана. Долоо хоногт үзэх хичээлийг эхлээд эцэг эхэд нь заана. Багш заах арга барилаа ч заана. Гэрт нь эцэг эхчүүд ингэж зааж, давтуулах талаар зөвлөнө. Арга зүйгээ нэгтгэж байгаа гэсэн үг л дээ. Эхний сард эцэг эх бол тодорхой үүрэг хүлээж, багш хүүхэдтэй ажиллах арга зүйгээ тодорхойлж авна. Нэг үгээр хэлбэл багийн нэг гишүүн болж ажиллана. Цагаан толгой үзэх судлах хугацаанд ч тодорхой өөрчлөлт гарах болов уу. Яагаад гэвэл МУБИС-ийн профессоруудын баг манай багийнхан хичээлийн хөтөлбөр дээр хамтран ажиллаж боловсруулна. Тэр үед улам тодорхой болно. Миний хувьд цагаан толгойг судлах хугацаа багасна гэж харж байгаа. -Хөтөлбөрийн багт ажиллаж байгаа оюутнууд бараг судлаачийн хэмжээнд ажиллаж судалгаа хийх нь. Энэ нь тэдэнд ч хэрэгтэй байх? -Тийм шүү. Оюутнууд онолоор олж авсан мэдлэгээ дадлага дээр шууд хэрэгжүүлэх боломж нээгдэж байгаа. Тэдэнд эрдэмтэн багш нар нь зааж, зөвлөсний үндсэн дээр хийгдэнэ. Оюутны судалгаа хүн дээрээ шууд очно гэсэн үг. Цаашилбал багийн судалгаа ч хамтран хийгдэнэ. Оюутнууд илүү мэргэшиж, чадвартай болно. Судалгааг долоо хоног, сараар, хагас жилээр хийнэ. Үр дүн нь дороо гарах учраас давуу тал их бий. -Элсэгчдэд сургуулийн зүгээс тавьж байгаа шаардлага бий юү. 10 хүртэл тоолж чададг байх, үсэг нүдэлсэн байх гээд л зарим сургууль шаардлага тавьдаг. Энэ нь сургах гээд байгаа юм уу сурсан хүүхдийг авах гээд байгаа юм шиг эргэлзээ төрүүлдэг. Уг нь юу ч мэдэхгүй хүүхдэд эрдэм заах гэж байгаа биз дээ. Танайх энэ тал дээр ямар бодлого баримтлах вэ? - Манай сургуульд орох босго, шаардлага гэж байхгүй. Манайд хандсан хүүхэд бүхний өмнө сургуулийн хаалга нээлттэй. Таны хэлээд байгаа дээрх зүйл амьдрал дээр байдаг. Миний хувьд бага ангийн багшаар 40 жил ажилласан ахмад багшийн хувьд муу хүүхэд, юм сурдаггүй хүүхэд гэж хаана ч байдаггүй гэдгийг биеэрээ туулж, яс махандаа тултал мэдэрсэн. Түүнээс биш бусад сургууль шиг ялгаад юм мэддэгийг нь нэг ангид мэддэггүйг нь нөгөө ангид хуваарилдаг нь эцэг эхийн сэтгэл зүйд ч муугаар нөлөөлдөг үзэгдэл. Хүүхэд бүхэнд сурах чадвар байдаг. Гагцхүү багш түүнийг нь нээж илрүүлэх, хөгжүүлэх нь хамгийн чухал. Н.Төр