АН шантаажчингуудаар дутахгүй гэнэ үү.......
Хотын амьдрал 5 жилийн өмнө     181    0
Иргэн Л.Гүндалай Эрдэнэт хотноо энэ хаврын улс төрийн синдромыг  эхлүүлсэн гэхэд нэг их хол зөрөхгүй. Тэрбээр Эрдэнэтийн сонгогчдыг уяраах гэсэн үү аль эсвэл хуурах гэв үү ямартай ч “Ард түмнээ хайрлая” нэртэй нам байгуулж улмаар Улсын дээд шүүхэд бүртгүүлэхээр өргөдлөө өгсөн. Улстөрч Л.Гүндалай юуны учир Хөвсгөлийн хонхороос “зугатан” Эрдэнэтэд шинэ нам байгуулахаар шийдэв. Эрдэнэтийн сонгогчид түүнийг хүлээж авах уу. Л.Гүндалайг Эрдэнэт рүү хэн хөтлөөд байна вэ. Л.Гүндалай 2016 оны УИХ-ын сонгуульд нэр дэвшин ялахын тулд Орхон аймгийн сонгогчдыг ганц удаа ашиглаад хаях уу гэх мэт олон асуулт сонирхол татсаар. Зарим нэг мэдээллээс харвал Л.Гүндалайгийн Эрдэнэтэд ирсэн учир шалтгаан улс төр бизнесийн бүлэглэлтэй холбоотой байж болох тухай яригддаг ч үнэндээ түүнийг батлах нотолгоо байхгүй. “Ард түмнээ хайрлая” нам байгуулахын тулд  801 хүний гарын үсэг цуглуулахаар Л.Гүндалай ажлын албаныхантайгаа хэд хоног ажилласан. Төд удалгүй 801 хүний гарын үсэг цуглуулсан гэдэг. 2002 оны үед Л.Гүндалай АН-аас гарч Ард түмний нам байгуулахаар Сүхбаатарын талбай дээр сар шахам хонож өнжсөн удаатай. Гэтэл Эрдэнэтэд нэг их төвөг удалгүй 801 хүний гарын үсэг цуглуулсан цаад учрыг “Зэс эрдэнийн хувь” ХК-ийн Д.Алтанхуяг, иргэн Л.Гүндалай хоёрын түншлэлээр тайлбарлах улстөрчид, улс төрийн бүлэглэл ч байна. Түүний байгуулсан намын уриа нь онцлог аж. “Их өөрчлөлт, Их үйлсийг хамтдаа бүтээе” гэсэн уриаг толгой дээрээ залсан “Ард ”Л.Гүндалайгийн хаврын улстөржилт, түүний цаадах зорилгын талаар хэвлэл мэдээллээр шуугиж байна. Эрүүл мэндийн сайд асан Л.Гүндалай Тавантолгойн ордыг тойрсон асуудлаар байр сууриа илэрхийлж хэвлэлийн бага хурал хийгээд амжсан. Энэ үеэрээ тэрбээр Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийг “Тавантолгойн ордыг “MSC-Энержи ресурс”-д өгөх зорилготойгоор гарч ирсэн” хэмээн мэдэгдсэн. Л.Гүндалайгийн үзэж байгаагаар МАН, АН-ын томчууд Тавантолгойн ордыг MSC-д өгөхийн тулд Ч.Сайханбилэгийг Ерөнхий сайд болгосон. Одоо Ч.Сайханбилэг хариуг нь барьж Тавантолгойг бизнесийн бүлэглэлд өгөх гэж байгаа тул Засгийн газрыг огцруулж хариуцлага тооцох ёстой гэсэн мэдэгдэл хийсэн. Тэгвэл Л.Гүндалайгийн өөрийнх нь талаар төвийн хэвлэл мэдээлэлд багагүй мэдээ, мэдээлэл гарчээ. Зарим нэг сонирхолтой мэдээллийг хүргэж байна. “Medeelne.mn” сайтад “З.Энхболд: АН шантаажчингуудаар дутахгүй” гэсэн материал байна. Эндээс харвал “Ард түмнээ хайрлая” намын дарга, иргэн Л.Гүндалайд хандаж УИХ-ын дарга, АН-ын дарга дээрх үгийг хэлсэн бололтой. “Л.Гүндалай шиг хүнээр АН дутахгүй. Гүндалай сайд болгоогүй учраас АН-аас гарсан шүү дээ. Намайг сайд болгооч гэж над дээр орж ирсэн. Хэрэв шинэ засагт сайд болгохгүй гэвэл гараад нам байгууллаа гэсэн. Би, чамайг сайд болгож чадахгүй, намаасаа гарна уу, байна уу өөрөө мэд гэж хэлсэн. Ийм шантаажчингуудаар Ардчилсан нам дутахгүй ээ” гэж спикер ярьсан байх юм.   Эндээс харвал улстөрч  Л.Гүндалайгийн хувьд журмын нөхдөө өөрийг нь сайд болгоогүйн төлөө шантаажилж нам байгуулжээ гэж ойлгогдож байна. Ийнхүү дээрээ гүйдлээ олоогүй иргэн Л.Гүндалай Эрдэнэтэд ирээд Баян-Өндөр сумын Засаг даргыг “Надад газар өг” хэмээн тулган шаардаж болохгүй бол намын гишүүн дэмжигчдээ дагуулаад жагсаал хийж И.Баасанжав даргад шаардлага хүргүүлж мэдэхээр байгаа аж. Л.Гүндалай саяхан иргэний шилжилт хөдөлгөөнөө хийлгээд Орхон аймгийн Баян-Өндөр сумын Булаг багийн иргэн болсон сурагтай. Улмаар тэндээ газар авах хүсэлтээ сумын Засаг даргад гаргасан байх юм. Өнөөдөр Эрдэнэт хот 100 шахам мянган хүн амтай. Тэдний тодорхой хэсэгхэн хувь нь 0.007 га газраа өмчилж авсан. Ихэнх иргэдийн тэр дундаа орон сууцанд амьдардаг иргэдийн хувьд төрөөс нэг удаа үнэ төлбөргүй олгосон газраа авах гэхэд сум орон нутгийн зүгээс иргэндээ өгөх газаргүй учраас хүндрэлтэй байсаар ирсэн.  2007 онд газар өмчилж авахаар өргөдлөө өгсөн иргэдийн заримынх нь газрын асуудлыг одоо л шийдэж, хот төлөвлөлт газар зохион байгуулалтын төлөвлөгөөндөө тусгажээ. Гэтэл манай аймагт амьдардаггүй, ирээд гурван сар ч болоогүй иргэн Л.Гүндалай Булаг багийн нутагт дур мэдэн сонгосон  газраа авахаар бичиг тоот үйлдэн аймаг, сумын удирдлага руу шидсэн сурагтай. Газрын тухай хуулиар Монгол улсын иргэн хаана ч газар өмчлөх, эзэмших эрхтэй  гэж заасан ч Баян-Өндөр сумын хувьд “Ард түмнээ хайрлая” намын дарга Л.Гүндалайд биш Эрдэнэтийн уугуул, суугуул болоод олон арван жил амьдарсан иргэддээ ч хүссэн газрыг нь өгчих газар нутаггүй гэдгийг энэ том улстөрч ойлгодоггүй, ойлгохыг ч хүсдэггүй бололтой. Намын дарга нарт хүссэн газар нь газар өмчлөх эрх олгоод байвал Эрдэнэтийн иргэд болж өгвөл 801 хүний гарын үсэг цуглуулаад нам байгуулаад өөрийн өмчийн 0.007 га газраа авах хэрэг үү. Эсвэл Л.Гүндалайгийн хувьд УИХ-ын гишүүн улмаар төрийн сайд байсан, хоёр ч намыг үүсгэн байгуулагч гээд олон цол гуншинг нь Эрдэнэтийн жирийн иргэнээс илүүд үзээд газар өгөх үү, тийм эрх сумын Засаг даргад ч байхгүй. Л.Гүндалайгийн хүсээд байгаа тэр газар нь Газар олголтын нэгдсэн төлөвлөгөө, Хот төлөвлөлтөд тусгагдаагүй аж. Бүр нарийн яривал ногоон байгууламжид ч хамаарч мэдэхээр газрыг “Би авна, надад өг” гээд дайраад байгаа улстөрч Л.Гүндалайгийн үйлдэл Эрдэнэтэд л 0.007 га газар авахын тулд нам байгуулсан хэрэг үү гэж хардахад хүргээд байна. Хувийн өмчийн газартай болохыг хүссэн бол цахимаар бүртгэж байгаа газар олголтод бүртгүүл л дээ Л.Гүндалай дарга аа. Тэгээд ч тэр газар дээр гэрээ барихад чинь гэргий үр хүүхэд чинь ирээд амьдрах уу. Улс төр хийж байгаа бол тэр замаараа л яв. Эрдэнэтийн иргэдэд хүрэлцэхгүй, олдохгүй байгаа 0.007 га газраас нь битгий булаацалд л даа. Н.Төр