Төлөөлөгчдийн ирц бүрдэхгүй байгаад тодорхой санал гаргасан
Нийгэм, Улс төр 5 жилийн өмнө     22    0
Орхон аймгийн нутгийн өөрөө удирдах ёсны байгууллагын үе үеийн дарга нар дотроос хамгийн залуухан кадр болох Б.Мягмарсүрэн хэвлэлийнхэнтэй сар бүрийн эцэст уулзаж, мэдээлэл хийдэг уламжлалтай. Энэ удаагийн Хэвлэлийн хурлаар тавдугаар сард аймгийн ИТХ-аас зохион байгуулсан ээлжит 15 дугаар хуралдаан, тэргүүлэгчдийн хурлаар хэлэлцсэн асуудлын талаар мэдээлэл өгсөн.Үүний дараа хурлын дарга сэтгүүлчдийн асуултанд хариуллаа.   -Одоогийн аймгийн ИТХ-ын төлөөлөгч нар хуралдаа суудаггүй, хурлын ирц бүрдэхгүй тохиолдол олон удаа гарч байна. Төлөөлөгч нараас “давхар дээл”-тэй буюу төрийн алба, “Эрдэнэт үйлдвэр”-т албан тушаалд очсон арав гаруй хүн байна. Аймгийн МАН-ын хорооноос “давхар дээл”-ний талаар таны нэр дээр шаардлага хүргүүлж байсан. Хурлын төлөөлөгч нар сонгогдсон тойрог, иргэдийнхээ төлөө ажиллах нь байтугай, хуралдаа ч суудаггүй. Тиймээс одоогийн ИТХ  дарга төлөөлөгч олонтой, хүнд сурталжсан болоод байна. Та үүн дээр ямар хариулт хэлэх вэ? -МАН-аас улсын хэмжээнд “давхар дээл” тайлах асуудлаар жагсаал цуглаан зохион байгуулж байсан. Энэ үеэр манай аймгийн МАН-ын хорооноос цуглаан хийж, миний нэр дээр ийм шаардлага хүргүүлсэн. Аймгийн ИТХ-ын төлөөлөгчдийн давхар алба хашиж байгаа нь хууль зөрчсөн зүйл байхгүй. Төлөөлөгч нар хуралдаа ирэхгүй байх, ирц бүрдэхгүй байх асуудал гарч байна. Сая сүүлд хуралдсан ээлжит хуралдаан дээр АН-ын бүлгийн дарга хурлын ирцийг бүрдүүлэх талаар тодорхой санал гаргасан. Өмнөх жилүүдэд аймгийн ИТХ улиралд нэг удаа хуралддаг байсан бол одоо сар бүр хуралдаж байгаагаас төлөөлөгчдийн ирц бүрдэхгүй асуудал үүсч байна. Нэг талаар төлөөлөгчдийн давхар албан тушаал хашиж байгаа нь хуралдаа ирэхгүй байх нөхцөл болж байгааг үгүйсгэхгүй. -Энэ жил аймгийн хэмжээнд байгаль орчин, ногоон байгууламжинд нэг тэрбум гаруй төгрөгийн санхүүжиилт тусгагдсан атлаа хэвлэл мэдээлэлд 100 мянган төгрөг ч тусгаагүй нь их хэмжээний хөрөнгө оруулалттай ажлын мэдээлэл тааруухан явагдах нөхцөл бүрдэж байна. Аливаа ажлын мэдээлэл сайн, иргэдэд нээлттэй байх тусам төрийн их хэмжээний хөрөнгө зөв зарцуулагдана.  Үүн дээр ямар бодолтой байна вэ? -Энэ долоо хоногт аймгийн ИТХ-ын зүгээс мод тарилтын явцыг явж шалгасан. Өнгөрсөн жил гэхэд 81 сая төгрөгөөр мод тарьсан. Модны ургалт 90 гаруй хувьтай байна. Саяхан Улаанбаатар хот дахь Эрдэнэтийн нутгийн зөвлөлийнхөн ирж, 100 гаруй ширхэг мод тарьлаа. Ургалт нь дажгүй байна. Жил бүр орон нутгийн төсвөөс хөрөнгө гарган мод тарьж байгаа ч арчилж хамгаалан ургуулах, харж хандахад нь орон нутгийн мэргэжлийн байгууллагын оролцоог нэмэгдүүлэх шаардлага байна. Аймгийн Байгаль орчны газар дээр тэрбум гаруй төгрөг хуваарилагдсан. Үүн дээр анхаарал тавих ёстой. -Аймгийн ИТХ-ын дэргэд Өргөдөл гомдлын байнгын хороо ажилладаг ч мэдээлэл нь тааруухан. Иргэдээс сонгогдож бүрдсэн байгууллага учраас иргэдийнхээ санал хүсэлтийг байнга сонсож, хариу тайлбар хийх зэргээр ажиллах ёстой болов уу? -Хурлын байгууллагын дэргэдэх Өргөдөл гомдлын хороог М.Болдбаатар төлөөлөгч удирдан ажилладаг. Мэдээлэл өгөх талаар М.Болдбаатар төлөөлөгчид үүрэг өгье. Энэ сард аж ахуйн нэгжээс 60 гаруй албан тоот, 10 гаруй иргэнээс өргөдөл, хүсэлт ирсэн. Эдгээрийг шийдвэрлэхээр холбогдох газруудад шилжүүлээд байна. Өргөдөл гомдлын хорооны мэдээллийг ил тод болгох тал дээр хурлын даргын зүгээс анхаарч ажиллана. -Барилгын бүтээн байгуулалт манай хотод эрчимтэй өрнөж байна. Гэтэл төрийн мэдлийн барилгын шинжилгээний лаборатори хангалтгүй ажиллаж байгаа. Иргэдийг чанартай орон сууцаар хангахад Газрын харилцаа хот байгуулалтын газрын дэргэд байгуулагдсан мэргэжлийн лабораторын хүчин чадлыг сайжруулах шаардлага байна. Хэдий болтол барилгууд чанаргүй бетон зуурмаг, түүхий эдээр баригдсаар байх вэ? -Энэ асуудал бол тулгамдсан асуудлын нэг яах аргагүй мөн. Барилгын үйлдвэрлэлд дүүргэгч материал болох бетон зуурмаг зэргийг шинжилж баталгаажуулах үүрэгтэй лаборатори итгэмжлэлгүй байна. Төрийн байгууллагын зүгээс хувийн байгууллагын эрх ашгийг хөндөлгүй, нөлөөлөлгүй ажиллах ёстой. Газрын харилцаа хот байгууллатын газрын дэргэдэх лабораторын хүчин чадлыг сайжруулах шаардлага байгаа. Үүн дээр бодлогоор анхаарах ёстой. Замын хажуугийн хашлага бродюр зэргийг чанаргүй материалаар хийж байгааг бид харж байна. Замын засвар хийгдээд удаагүй байхад л нураад уначихсан байх жишээтэй. Иргэдийг чанартай орон сууцаар хангах асуудлыг зөв бодлогоор авч явахгүй бол урт хугацааны эрсдэл дагуулах хүндрэл үүснэ. -Аймгийн ИТХ-ын дэргэдэх Өмчийн харилцааны газрын мэдээлэл иргэдэд хүрэхгүй байна. Сүүлийн жилүүдэд Орхон аймгийн орон нутгийн өмч нэлээд хэмжээгээр нэмэгдсэн байх. Энэ албаны даргаар томилогдсон Б.Хүрэл-Эрдэнэ ажлаа хийх нь байтугай, өрөөндөө ч байдаггүй. Дараагийн сард та мэдээлэл хийхдээ, энэ даргаа дагуулж ирж бидэнд мэдээлэл өгүүлээч. Мөн Аудитын газрын мэдээлэл муу байгааг дуулгах хүсэлтэй байна? -Таны энэ хүсэлтийг би хүлээн авч байна. Дараагийн сарын хурал дээр би Б.Хүрэл-Эрдэнэ даргыг авч ирж, мэдээлэл өгүүлье. Аудитын байгууллагын мэдээллийг ч ил тод болгох шаардлага бий. -Барилга захиалагчийн алба тусгай зөвшөөрөлгүй ч зураг төсөв хийж, хууль зөрчиж байна. Жишээ нь, Трьюковын гудамжны зам засварын ажил дээр 100 гаруй метр бродюр солих зураг төсөв хийсэн. Гэтэл замынх нь уртын хэмжээгээр 400 гаруй метр бродюр солих ёстой. Энэ байгууллага хууль бус зураг төсөв хийж байгаа учир иймэрхүү хууль зөрчсөн ажлууд хийгээд байгаад ямар хариулт хэлэх вэ? -Барилга захиалагчийн албаны дарга С.Даваасүрэн даргыг би дуудаж уулзсан. Энэ байгууллагын ажил үүрэгт шууд оролцох эрх манай байгууллагад байхгүй. Асуудлыг танилцуулсан. Барилгын бүтээн байгуулалт их хэмжээгээр өрнөж байгаа учир энэ байгууллагыг байгуулсан байгаа. Цаашид анхаарах асуудал энэ газар дээрээ бий гэдгийг дээрх асуудал харууллаа. Бид ч анхааралдаа авч ажиллая гэж бодож байна. Аймгийн ИТХ-ын дарга Б.Мягмарсүрэнгийн хувьд өөрийн биеэр хэвлэлийнхэнтэй уулзаж, сайн, муугаа ярилцдаг. Ийм уулзалт, ярилцлага бүрийн ард албан тушаалтны хувьд ч , улстөрчийн хувьд ч суралцаж, төрийн хүний хат сууж байгаа болов уу. ИТХ-ын даргын энэ удаагийн уулзалтаар сэтгүүлчид хурлын байгууллагын дэргэдэх Байнгын хороодын ажил мэдээлэлгүй гэдгийг ч дуулгасан юм. М.Мөнхцэцэг
Сэтгэгдэл бичих

500 тэмдэгт

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ErdenetNews.mn хариуцлага хүлээхгүй болно.
Зочдын сэтгэгдэл (0)

Та өсвөр насны хүүхэдтэйгээ бэлгийн болон нөхөн үржихүйн сэдвээр хэр нээлттэй ярилцдаг вэ?

  • Хүүхэдтэйгээ тогтмол ярилцдаг
  • Ямар нэгэн асуудал байгаа мэт санагдмагц ярилцдаг
  • Хааяа нэг асуудаг
  • Хүүхэд маань өөрөө л хэлэхгүй бол асуудаггүй
  • Аль болох зайлсхийдэг