Төрийг тогтвортой болгох Н.Алтанхуягийн овжин нүүдэл
Нийгэм, Улс төр 5 жилийн өмнө     20    0
Эдийн засгийн хүндрэл дээр төрийн хямрал нэмэгдвэл хярамцаг болж таарна. Засаг толгойлж байгаа АН-ын нэр хүнд шавхайтай хутгалдан,  олон нийт байтугай гадаад ертөнц монголчуудын тамын тогооны үлгэрийг хараад халаасаа хамхин зугтах байв. Гэвч сүүлийн хэд хэдэн удаагийн цохилтоос Н.Алтанхуяг Засгийн газар болоод намынхаа нэр хүндийг аварч үлдэж чадлаа. Ямартаа Хууль зүйн сайд Х.Тэмүүжингийн асуудлыг УИХ-аар хэлэлцэж байх үеэр сөрөг хүчний жинтэй удирдагч Ө.Энхтүвшин Ерөнхий сайдын овсгоотой нүүдлийг үнэлэн эрхий хуруугаа гозойлгож байхав. Шахаанд орж үзсэн хашир хүний хувьд Н.Алтанхуягийг булзах зай, буцах замгүй байдлаас хэрхэн самбаачлан гарахыг анзаарч мэдэрснийх биз ээ. Хууль зүйн салбарыг сүүлийн хоёр жил толгойлж, шүүхийн шинэтгэлийг гардан эхлүүлж, хуулийн тогтолцоонд жинхэнэ ардчилсан салхи сэвэлзүүлж буй Х.Тэмүүжинг суудлаас нь хэрэв огцруулж орхисон бол АН залуустаа халгаатай гэсэн хар тамга жинхэнэ утгаараа батлагдах байв. Нөгөө талаар АН-ын толгойлсон Шинэчлэлийн засгийн газрын төвшин байдал алдагдан, суудал сондгойрсон сул засаг шавхайд хутгалдахад ойрхон байлаа. Гэвч Ерөнхий сайд Н.Алтанхуяг морин жил гарснаас хойш хэт улстөржин үндсэн ажлаа бараг л мартаад байгаа хүний өөрийн намын улстөрчдийн үзэл бодлын үзүүрт үнэнийг хүргэж чадлаа. Хаврын синдром эхэллээ хэмаээн МАХН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Г.Шийлэгдамба мэдэгдэж байсан. Үнэндээ эдийн засгийн хямрал дээр дөрөөлсөн улс төрийн хаврын синдром ужиграх талдаа ороод байна. Товчхондоо бол УИХ бүрэн эрхийнхээ нийт хугацааны бараг л ихэнхийг Н.Алтанхуяг болон түүний засгийн газрын сайдуудыг шүүмжилж барав. Хууль тогтоох, батлах гол  байгууллага маань ийнхүү улстөржиж, хэн нэгний өргөдөл гомдол, өмд гутал, өмч хөрөнгийн асуудлаар маргалдан, огцрох огцрохгүйн төлөө товч  дарсаар суух нь хэр зохистой юм бол? Сүүлдээ тоглоом нь шоглоом болж ам.долларын ханш Засгийн газрын асуудлыг хэлэлцэх тоолон чангардаг зуршил бараг л тогтлоо. Дэлхийн эдийн засаг, улс төр тогтворгүй байгаа энэ үед монголчууд дотооддоо эв нэгдэлтэй, дотроо бодолтой байх учиртай. Крымын асуудлаас шалтгаалан Оросыг хянах түшиц газраар Америкчууд Монголыг нууцхан нэрлээд байгаа. Дэлхийн зах зээл дээр ашигт  малтмал, түүхий эдийн үнэ урьд байгаагүй хэмжээнд унаж, уул уурхай түшиж амьдардаг олон улс орон хямраад байна. Гэтэл монголчууд байшингаа барьж, ноолуураа самнаж, ургацаа тариалж, унаа тэргээ уралдуулсан хэвээр байгаа нь Засгийн газар ажиллаж байгаагийн шинж бус уу? Н.Алтанхуяг хажуугаасаа хаврын синдромоор хашуулж, дэргэдээсээ УИХ-аар шахуулж, урдаасаа Х.Баттулгаар замаа бөглүүлж, араасаа ард түмний асуулгаар ээрүүлэн их л хүнд нөхцөлд ажиллаж ирлээ. АН-ын байгуулсан Шинэчлэлийн засгийн газрыг унагах зорилгоор удаа дараагийн цохилтууд ирлээ. Давхар дээлээ тайлах хууль, Х.Тэмүүжинг огцруулах асуудал, Х.Баасанхүүгийн өргөдөл, Х.Баттулгын халагдах санал гэхчлэн тоочоод байвал сүүлийн үед улс төрд өрнөж буй үйл явдлууд бүгд Н.Алтанхуягийн Засгийн газрыг огцруулахад чиглэжээ. Гэвч Н.Алтанхуяг засагтай ноцолддог нөхдийг замын дунд саатуулж, АН-ын бодлогыг тууштай хэрэгжүүлэхийн тулд  туйлбартай урагшилсаар байна. Х.Баттулгын өргөдлийг авч хэлэлцээд 78,6 хувийн саналаар УИХ-ын гишүүд сайд асныг ажлаа хүлээлгэн өгөхийг дэмжлээ. Энэ нь АН цаашдаа Шинэчлэлийн засгийн газрын бодлого хийгээд мөрийн хөтөлбөрөө хэрэгжүүлэхэд санал нэгтэй нэгдмэл байгааг харуулсан гэж хэлж болно. Ажил хийх дургүй, танхимын ажилдаа дотоод зөрчлөөрөө ханддаг сайдыг явуулж, нэг үзэл бодлын дор цааш алхах нь зөв гэдэг дээр АН-ынхан ийнхүү санал нэгджээ.  Нөгөө талаар уснаас намаа болон танхимаа, өөрийгөө хуурай авч үлдэн, үүгээр ч тогтохгүй АН-ын эв нэгдэл, нэр хүндийг хамгаалан тогтож байгаа нь Н.Алтанхуягийн удирдах арга барилын онцлог байж болох талтай. Төрийг тогтвортой байлгахын төлөө  хийж буй Н.Алтанхуягийн оновчтой нүүдлийг дэмжиж, Ө.Энхтүвшинтэй хамт Like дарахаас өөр гарц харагдахгүй байна. Учир нь бидэнд өөр хямрал хэрэггүй, төрийн хямрал бүүр ч хэрэггүй билээ. Эх сурвалж: "ҮНДЭСНИЙ ШУУДАН" сонин
Сэтгэгдэл бичих

500 тэмдэгт

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ErdenetNews.mn хариуцлага хүлээхгүй болно.
Зочдын сэтгэгдэл (0)

Та өсвөр насны хүүхэдтэйгээ бэлгийн болон нөхөн үржихүйн сэдвээр хэр нээлттэй ярилцдаг вэ?

  • Хүүхэдтэйгээ тогтмол ярилцдаг
  • Ямар нэгэн асуудал байгаа мэт санагдмагц ярилцдаг
  • Хааяа нэг асуудаг
  • Хүүхэд маань өөрөө л хэлэхгүй бол асуудаггүй
  • Аль болох зайлсхийдэг